Их зохиолч Ц.Дамдинсүрэн "ногоон малгайт"-ны амыг тагласан нь

Тэрээр 1930-аад оны үед ногоо малгайтнуудад олон удаа боорлуулж, хилс хэргээр шоронд хүртэл сууж байсан хүн. Түүний тухай элдэв марзан яриа их байдаг. Нэг удаа ШУА-ийн чуулган хуралдах болж, хүмүүс урд талын суудал руу зүглэхэд Ц.Дамдинсүрэн гуай арын суудал руу зүтгээд байж. Гэтэл нэг шавь нь "Та урдуур суухгүй яагаа вэ" гэж хүндлээд суудал тавьж өгөхөд "Юу гэхэв, энэ муу чих хэрэгтэй, хэрэггүй юм сонсчихоод дараа нь хэл ам татлаад байж мэднэ. Араар суусан нь дээр." гэсэн гэдэг.
1950-иад оны үед Ц.Дамдинсүрэн гуайг ажлаа хийж суутал нэг танил нөхөр нь утасдаж "Чи үзсэн юмаа л тэмдэглэж биччихээд зохиол гэдэг юм уу. Чиний "Хоёр цагаа юм" гэдэг өгүүллэгийн чинь уран санаа хаана байна аа" гэж ирээд л зэмлэжээ. Хожим Ц.Дамдинсүрэн гуайг "Таны хамгийн сайн зохиол чинь юу вэ?" гэсэн сурвалжлагчийн асуултанд "Миний хамгийн сайн зохиол бол "Хоёр цагаан юм" өгүүлэл юм даа. Би тийм юм үзэх нь байтугай дуулаа ч үгүй. Санаанаасаа зохиосон юм. Гэтэл үүнийг хүмүүс болсон явдал мэт ойлгож үнэмшээд "Үзсэн юмаа тэмдэглэж биччихээд түүнийгээ зохиол гэж боддог" гэж шүүмжилж байсан удаатай" гэж хариулсан гэдэг.
1930-аад оны сүүлчээр Ц.Дамдинсүрэн гуайг До яамныхан хилсээр баривчлаад "Чи гадаадын ямар хүнтэй сүлбээтэй байсан бэ, хэнд тусалсан бэ?" гэсэн асуултаар булж ямар нэгэн ам өчиг авах гэж бүтэн жил байцаасан аж. Нойр хоолгүй тамлах тэрхүү байцаалтанд тэрээр нэг арга бодож олсон байна. тэгээд нэг өдөр байцаалтанд очмогцоо "Би ерөөсөө үнэнээ өчихөөр шийдлээ. Би нэг пийдалд хэл ул болж тусалсан" гэж хэлээд тавьчихаж. тэгтэл байцаагчийн нүд нь сэргэж ирээд "Уухайс даа. Үүнийгээ аль эрт хэлчих байсан юм шүү дээ. Тэгээд тэр хэн гэдэг хүн юм бэ?" гэхэд Ц.Дамдинсүрэн гуай "Пушкин гэдэг юм" гэжээ. "Яасан хачин нэртэй туучий вэ. Энэ хүнд чи тэгээд яаж тусалсан юм бэ?" гэж асуухад нь "Бичсэн ном зохиолыг нь олон сурталчилсан юм аа" хэмээв. Нөгөө байцаагч "Аан мөн мөн. Үгүй чи тэгээд л эль эрт хэргээ хүлээчих байсан юм шүү дээ" гэж олзуурхаад мэдүүлгэн дээр нь гарын үсэг зуруулж аваад гарч оджээ. Маргааш өглөө нь нөгөө байцаагч орж ирээд "Тэр туучий чинь их пийдал байсан гэж байна шүү. Манай орос зөвлөх тэгж айлдаж байна. Чи түүнтэй хаа тааралдаад тэгж хэрэг мандуулах нь тэр вэ, нэгд нэггүй яриарай." гэхэд Ц.Дамдинсүрэн гуай "Тэр туучий чинь Монголд ирж үзээгүй хүн. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ талийгаач болсон юм даа" хэмээжээ. Гэтэл мөнөөх байцаагч мэл гайхаж "Тэгээд чи түүнд яаж хэл ул болсон хэрэг вэ" гэж асуухад нь их зохиолч маань "Би түүний "Олег цэцэн ноёнтон", "Алтан загасны үлгэр" гэдэг зохиолыг нь орчуулж хэвлүүлсэн юм даа" гэж амыг нь тагласан гэдэг.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ