Хүүхдийн баярын дурсамж ба өнөөдөр

Аль ч нийгмийн үед тэмдэглэсээр ирсэн хамгийн онцгой баяр бол энэ өдөр тохиодог хүүхдийн баяр. Дурсамж сөхье.

20-р зууны дунд үед хүүхдийн баярыг тэмдэглэж байгаагүй гэдгийг ахмадууд хэлдэг. Харин 1970-аад оны сүүлчээс хүүхдийн баярыг тодорхой хэмжээгээр тэмдэглэж эхэлжээ. Тиймээс 1980-аад оныхны дурсамжаас товч хуваалцъя гэж бодлоо. Тухайн үед айл бүрийн амьдрал нэгэн жигд байсан болохоор энэ үеийнхний дурсамж адилхан байх.

Хэдэн арван га нутаг дэвсгэртэй, олон төрлийн тоглоомтой парк нь хүүхдийн ганц жаргалын орон байсаар ирсэн. Тухайн үед халиурсан ногоон зүлгэн дээр моддын дор суугаад тоглоомон дээр тоглох ээлжээ хүлээгээд гэр бүлээрээ хөгжилтэй сайхан зүйлийн талаар хөөрөлдөн амттангаар амаа дүүргээд жинхэнэ жаргал гэдэг тэнд бялхдаг байж.

Тоглоомон дээр тоглоход бас л их дараалал үүсдэг байж билээ. Ялангуяа мангасын амнаас гулгах гэж очерлодог байлаа шүү дээ. Тоглосон тоглоом дээрээ дахин дахин тоглосоор өдрийг өнгөрүүлнэ. Улаан ус ууж, банька идэж, кисель мэрж, 60 мөнгөний сүүтэй, 80 мөнгөний шоколадтай зайрмагаас сонголт хийнэ. “Соц” нийгэмд өнөөгийнх шиг арвин сонголт байгаагүй ч сэтгэл хангалуун үлддэг байсан юм даг. Үндэсний үйлдвэрлэлүүд ч чанартай бөгөөд хариуцлага өндөр байсан цаг. Импортын бараа гэхээр орос дэлгүүрийг л зорино.Бэлэгний уутанд жигнэмэг, 24-ийн чихэр, өрмөнцөр /вафль/ гэх мэт дотоодын амттанаас гадна орос чихэр, шоколад багтана. "Хатсан яавлаг" гэж нэршсэн хатаасан алим, хар чавга зэрэг нь бас л хүүхдийн дуртай хэрэглээ. Улаан ус гэж байлаа. Энэ нь ногоон, цагаан өнгийн шилтэй, нимбэгний, интоорын, жүржийн ундаа гэсэн төрөлтэй. Заримдаа бэлгэн дээр нэмж мөнгө өгнө. Тэр үед 3-5 төгрөг нь хүүхдийн хувьд хүссэнээ авч, тансаглах хэмжээний мөнгө байв. Бохь гэдэг нүдний гэм, заримдаа бохио өнгөтэй болгох гэж будах нь энүүхэнд гээд дурсамжаа хуваалцахад яг л тэр үедээ эргэж очсон мэт санагдаж сэтгэл хөдөлж байна.

Парк дээр өдөржин амттан идэж, тоглож байгаад харих замдаа Бамбарууш кафе орох нь бичигдээгүй хууль. Магадгүй тухайн үед хүүхдэд зориулсан зоогийн газар тэр л байсан байх. Бамбарууш кафе нь Төв номын сангийн хойд талын дугуй байшинд байрлаж байлаа. Тэнд мөн л хүүхдийн дуу цангинаж, хөгжилтэй үрсийн жаргал цалгина.

Тэр үед багачуудын дунд олон уралдаан тэмцээнүүд зохиогддог байсан нь өнөөдөр улам өргөжиж, маш олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг болжээ. Хуучнаар Сүхбаатарын талбай дээр өнөөдрийнх шиг хүүхдүүд бужигнадаггүй, зөвхөн парк дээрээ л төвлөрч баяраа тэмдэглэдэг байсан санагдаж байна.

Харин одоо хүүхдийн баярыг “тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Дан ганц парк гэлтгүй Чингисийн талбай, Эрх чөлөөний талбай зэрэг төвлөрсөн газруудад хүүхдийн тоглоом байршуулж, олон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна дүүрэг бүр нутаг дэвсгэртээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Өнөөгийн багачууд дэлхийн аль ч улс орны хүүхдүүдийн эдэлж, хэрэглэж, идэж, ууж, үзэж харж байгааг хүртэх боломжтой. Сүүлийн үеийн хүүхдүүдийн хэрэглээг дээрх шиг яг энэ тэр гэж тодорхой хэлэх боломжгүй. Тоо томшгүй сонголт дунд бид амьдарч байна.

Мөн Бамбарууш кафе шиг хүүхэд үйлчлүүлэх боломжтой зоогийн газрууд, олноороо нээгдээд буй. Үзвэр үйлчилгээний хувьд ч гэсэн “соц”-ын үетэй зүйрлэхийн аргагүй. Гэхдээ тэр үед Сансар, Ялалт, Ард, Од гэсэн тодорхой тооны кино театр байсан юм шүү. Харин одоо жил ирэх тусам дуу, дуугаралт, дэлгэцийн өндөр үзүүлэлттэй техник бүхий үзвэр үйлчилгээний газрууд нэмэгдэж, гадаад, дотоодын маш олон кинонууд орж ирж байна.

Нийгмийн хөгжлөө дагаад хүүхдүүдийн сонирхол ч өөрчлөгдөж техник технологийн энэ эринд электрон, автомат тоглоомыг илүү сонгох болсон. Мөн энэ хэрэгцээг дагаад энэ төрлийн тоглоомын газрууд ч ажиллаж байна. Түүнчлэн тусгайлан тохижуулсан хүүхдийн тоглоомын газрууд ч олширч, тэнд бяцхан үрсийн инээд цангинасаар.

Энэ мэтчилэн хүүхдийн гэх тодотголтой бүхэн жилээс жилд нэмэгдэн өргөжиж байгааг харахад нэн таатай санагдана.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ