Улаанбаатар хот хогийн сав биш

Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

Зүг зүгийн хүний

Зүрхэнд нь гэрэлтэнэ гэх дууг Багшийн дээдийн хавьд явж байхдаа анх сонсоод Хайдав гуайн тоглолтын сурталчилгаа явж байна даа гэж бодож байтал хогны машинаас дуугарч байж билээ. Цэмцийлгэх их ажлын өрнүүн хөдөлмөр энэ л дуутай хамт сэтгэлд хэдийн хоногшжээ. Хогны машины хөгжим хотын гудамжаар цуурайтсаар, хог багассаар. Сүүлийн жилүүдэд эх орны минь зүрх болсон нийслэлийн өнгө төрх үнэхээр нүүрээ угаасан хүүхэд шиг болж байна.

“Хотын хүн хотдоо юу хэрэгтэйг мэддэг юм байна. Хотын дарга хүн ийм их юм хийж болдог гэдгийг одоо л ойлгож байна.” хэмээн хоёр хүн ярилцаж байхыг сонслоо.Үнэхээр хотод маш олон зүйл хийгдэж байгааг иргэд нүдээрээ үзэж, гараараа барьж чадахаар болжээ. Нийслэлийн Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хотын хог хаягдлын менежентийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан нь өнөөдөр хэрэгжээд биелэлээ олоод, үр дүнг нь үзэж буй.

Дэлхийн бусад улс орнуудад иргэд, аж ахуйн нэгж бай­гууллагууд хог хаягдлыг зо­риу­лалтын уутанд хийдэг. Энэ уутыг хэрэглэж хэвшүүлэх нь цаг хугацаа, хүч хөдөлмөр шаард­сан ажлын нэг байсан гэж судлаачид хэлдэг аж. Өд­гөөиргэд нь хэрэглэж хэвшсэн тө­дийгүй ангилан ялгах хэлбэрт хэдийн шилжсэн. Харин манайд энэ ажлыг эхлүүлсэн ч зарим нэгэн сөрөг хандлагаас болж зогсоосон. Гэхдээ дахин боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийдэг болсон. Ололттой талыг нь олж харсан хүмүүст ногоон уут одоо ч үгүйлэгдэж байгааг дуулгамаар байна.

Улаанбаатарынхан хэмээх өнөр бүлийг цэвэрхэн байлгах, эрүүл амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхийн төлөө хог хаягдлыг зөв оновчтой менежментээр зохицуулсны хүчинд өнөөдөр бидний хүрээлэн буй орчны өнгө төрх улам л тодорч байна. Гудамжинд 10 алхаад л хогны сав. Нийтийн тээвэр гээд хүн хаана байж болох газруудад хогны сав хангалттай байрлуулсан харагдана. Залуу зохион бүтээгчдийн бүтээсэн хогны савыг хэрэглээнд нэвтрүүлсэн нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд томоохон дэмжлэг боллоо. Цагаан төмрөөр хийсэн энэ сав өнгө үзэмжийн хувьд ч гологдохгүй, хүний оролцоо хөнгөвчилсөн дэвшилттэй шинэ бүтээл болж чаджээ.

Аливаа юм бүхэн сайн, саар хоёр талтай. Хот минь огт хоггүй болсон гэвэл өрөөсгөл болно. Тэгвэл тэр хогийг хэн хаяв? Хогоо хаях савыг нь бэлдээд өгөхөөр гадуур нь хаяад явдаг хэсэг бас байна. Нийгмийн янз бүрийн ухамсрын хүрээнд хог хаягдалд ач холбогдол өгдөггүй хүмүүст торгуулийн арга хэмжээ авдаг болох хууль сая батлагдлаа. Хогны савны гадуур хогоо хаях, орц хонгил, байрны гадна, гудамж талбайд хогоо хаядаг байдал байсаар байгаа. Ялангуяа автомашинаас хог хаях үйлдэл арилахгүй байна. Өнгөрсөн жил хог хаяж байгаад камерын дуранд өртсөн нэг залуу “Миний машин хогны сав биш” гэж хэлж байсан. Түүний хэлснээр бид асар том хогийн саванд амьдарч байна гэсэн үг болох нь. Уг нь бид хогны саванд бус дэлхийд тодотголтой Азийн цээжинд аж төрж байгаа улс гэдгээ умартах учиргүй сэн.

Энэ мэт ухамсаргүй иргэдийн балгаар хог хаягдалтай тэмцэх ажил саарах бас нэг шалтгаан болж л байгаа. Энэ нь бусдыг төдийгүй өөрийнхөө эрүүл аюулгүй амьдрах орчныг хязгаарлагдмал болгох, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь болдог.

Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутам ашиглагддаг хэмээн мэдээлдэг байна. Манай улс хог хаягдлын менежментийг сайжруулах талаар багагүй хөрөнгө зарцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд томоохон амжилтад хүрч байгааг судлаачид хэлдэг.

Нэг хэсэг нь хүч хөдөлмөр гаргаж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж байхад нөгөө хэсэг нь түүнд огт хамаагүй мэт авирлаж, бусдын хөдөлмөрийг хүндрүүлж, үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотоос жилд дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 300 гр, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800гр хог хаягдал үүсгэж, Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 1500-2000тонн ахуйн хог хаягдал хүлээн авч, дарж устгах үйл ажиллагааг технологийн дагуу хийж байна. Хог хаягдалын дийлэнх нь цаас, гялгар уут, хуванцар, үнс болон хүнсний хог хаягдал байдаг аж. Тиймээс Хог боловсруулах үйлдвэр барихдаа Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хаягдлыг боловсруулах чиглэл баримтлж байна хэмээн холбогдох албаныхан хэллээ.

Ямартай ч цэвэрхэн гудамжаар цээж тэнэгэр алхахад сэтгэл хүртэл бахдам сайхан байдаг.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ