E-mart-ын талаарх эрээнтэй, бараантай бодлууд
Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны сүлжээ болох E-mart-ын салбар Монголд нээгдээд төдийлөн удаагүй байгаа ч нэлээн сенсаци дэгдээгээд амжив. Хямд зүйлд үнэн нугасгүй манайхан тэр хавиар хэдэн өдөр дугаарлан “алалдаж”, уг дэлгүүр ачааллаа даахгүй хэд хэдэн удаа хаалгаа барихад хүрлээ.
Монгол улсад анхны “big box” загварын дэлгүүр нээгдсэн сайн талтай хэдий ч борлуулалтын орлого нь Солонгос руу урсана гэж бодохоор бас л хайран санагдана.Ёстой л нөгөө “хүний нохой идэхээр өөрийн нохой иддэг” бол хичнээн сайн гэж бодогдохоор.
Гэвч аливаа зүйл сайн, саар хоёр талтайн хувьд,энэ E-mart-аас авах зүйл ч их байгаа бололтой. 7590 м.кв талбай бүхий энэ дэлгүүр нь Монголын үйлчлүүлэгчдэд Солонгосын шоппинг хийх соёлыг танилцуулж байгаа гэнэ. Тус дэлгүүрийн нийт барааны гуравны нэг нь Солонгос бүтээгдэхүүн байх бөгөөд Өмнөд Солонгосын 320 компанийн 12000 бүтээгдэхүүнийг цаашид экспортлох талаар хариуцсан компанийн удирдлагууд өгүүлсэн байна.
Монголд энэ дэлгүүрийн үйл ажиллагааг Алтай Группын борлуулалтын нэгж болох Sky Trading хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд Солонгосын тал зөвхөн бүтээгдэхүүн, гарын авлагаар ханган ажиллах юм байна.
E-mart Монголд нээгдсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд янз бүрийн санаа бодол, маргаан мэтгэлцээн өрнөсөөр байна.Зарим нь үндэсний үйлдвэрлэл, худалдааныханд хор хохиролтой, гадаадын сүлжээ дэлгүүр хэмээн ад үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь үнэ хямд, чанартай байвал бидэнд ашигтай гэж өмгөөлөх маягтай хандаж байна. Үүнд аль аль талыг нь буруутгах аргагүй юм.Үнэхээр үндэсний эдийн засагт хохиролтой юу гэвэл хохиролтой, бас ард түмэнд ашигтай юу гэвэл ашигтай байх жишээний.
Эндээс харахад, үндэсний үйлдвэр худалдааныхан маань ард түмнээ ингэж татан, ашигтай ажиллагаа явуулъя гэж хүсч байгаа бол зарим үед хангалттай хямдрал зарлан урамшуулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар чансааг олон улсын стандартад нийцэхүйцээр сайжруулах шаардлагатай болсныг зүй ёсоор илтгэж байна.Эс тэгвээс, хэн ч хөөрхий минь, үндэснийх юм гээд өрөвдөн, үнэтэй атлаа чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээг авахгүй шүү дээ!Бид чинь хөлсөө урсган байж олсон хэдэн төгрөгөөрөө ахиухан бөгөөд чанартай бүтээгдэхүүн авчихыг л эрхэмлэх нь мэдээж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ