Сандэй плазагийн галын хэргийг шүүх хурал хойшлогджээ

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Сандэй плаза” худалдааны төвийн удирдпагад холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 27-ны 09:00 цагт товлосон байсан ч хойшлуулаад байна.
Учир нь улсын яллагчаар оролцох прокурор нь ээлжийн амралтаа авсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Шүүгч Т.Шинэбаяр уг хүсэлтийг хүлээн авч, прокурорыг ажилдаа орох хүртэл хурлыг хойшлуулжээ.
Хэргийн тухайд, 2015 оны 10 дугаар сард Сандэй плаза ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан юм. Энэ хэрэгт Сандэй плазагийн захирал, инженер албан тушаалтай Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газраас тэднийг албан үүрэгтээ хайнга хандаж, Галын аюулгүй байддлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 189.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ