Зүрхний хэм алдагдлын үеийн шинжилгээ, эмчилгээг эх орондоо хийдэг болсон

Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан ба уг тоног төхөөрөмжөөр хангаснаар өөрийн оронд эмчлүүлэх боломжгүй 39 өвчнийжагсаалтыг 2015 оны ЭМСС-дын 119 дүгээр тушаалаар баталсан. Үүний нэг нь Монгол улсын иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтын Г-13-д заасан зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой боллоо.

Тус эмнэлгийн даргын 2016 оны 02 дугаар сард Б/42, 43 тоот тушаалаар Эрүүл мэндийн салбарт анхны “Зүрхний хэм судлалын үйл ажиллагааны мэргэжлийн баг” томилогдон үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласнаас5 сарын дараа буюу долдугаар сарын 18 – 22-ны өдрүүдэд зүрхний хэм алдагдалтай 20 – 68 насны 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 өвчтөнд Монгол эмч, мэргэжилтний баг Зүрхний хэм алдагдлын үеийн Электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийж, уг тусламж үйлчилгээг өөрийн эх орондоо нутагшуулах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэллээ.

Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000$ шаардлагатай байдаг. Харин өөрийн эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 - 15 сая төгрөг зарцуулсан ба нийт зардлын нэг иргэнд 8,0 – 13,0 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн ба нэг эмчлүүлэгч эмчилгээндээ өөрөөсөө дундажаар 1,7 – 3,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Энэ нь тухайн иргэн түүний ар гэрт эдийн засгийн маш их дэмжлэг болж байгааг дурьдах нь зүйтэй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ