Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр сургууль, цэцэрлэгийн элсэлт дөхсөнтэй холбоотойгоор зарим асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Энэ хичээлийн жилийн элсэлтийг наймдугаар сарын 22-28-нд зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Тэгвэл урьдчилсан байдлаар нийслэлд нэгдүгээр ангид суралцах зургаан настай 27.629 хүүхэд байгаа юм байна. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд элсэнэ. Харин сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой аж. Тиймээс энэ жил төрийн өмчийн бус 44 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгожээ. Аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гарсан аж.
2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж, он дамжуулан барьж буй зургаан бага сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Харин улсын төсвийн хөрөнгөөр энэ онд гурван сургууль шинээр, дөрвийг өргөтгөж, нэг спорт танхим барих гэнэ. Мөн дөрвөн цэцэрлэг шинээр, хоёрыг өргөтгөхөөр төлөвлөжээ.
Сайд мэдээллийнхээ үеэр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэдгийг онцоллоо.
Дашрамд сонордуулахад, Риогийн олимпод төрийн гурван өндөрлөг оролцохгүй тул БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр Бразилийг зорьж, олимпод оролцож байгаа Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах, амжилттай оролцуулах бүх үүрэг даалгаврыг Засгийн газраас авсан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ