НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухайхуулийн төсөл санаачлан боловсруулж, хуулийн төсөлд санал авахаар өчигдөр /2016.08.01/ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.
Уг хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 орчим хувийг эзэлж байгаа юм.
Үндэсний статистикийн хороо болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээнээсүзвэл малчдын 10 орчим хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг.Энэ байдал цаашид үргэлжилбэл нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг үр дагавартай учраас энэ хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага байсан” гэж тайлбарлалаа.
Тэрбээр мөн Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсэж, шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гаднаүлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтойг ч онцолсон.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль зэрэг хуулиудад бүрэн нийцэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ