Тоормос ажиллагаагүй болсноос 7 хүний амь нас хохирчээ

Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан автомашин осолдож, олон хүний амь нас хохирсон онцноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-ний 17:00 цагийн үед “Нортбенз” маркийн, 40 тоннын даацтай ачааны автомашин иргэн М-ийн дэлгүүрийг мөргөсөн байна. Ослын улмаас явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, оршин суугч 46 настай эмэгтэй Т, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З,3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтжээ.
Уг ослын газарт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч гурван машинтай, цагдаагийн 55 алба хаагч, таван машинтай, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 алба хаагч болон хүнд техникийн таван автомашин зэрэг нийт 120 албан хаагчдын бүрэлдэхүүн 13 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Ослын шалтгаан нь тээврийн хэрэгслийн тоормос нь ажиллагаагүй болсноос үүдэлтэй аж. Жолооч А тус аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж, Булган сумын Ярантын боомтоос Өлгий сум руу Шар нуурын хөтлөөс уруудан ирж явжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ