Дэд сайд нэртэй шахаа
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2016.08.02/ хуралдаж, Мэргэжлийн Засгийн газарт ажиллах дэд сайдуудыг тодрууллаа.
13 яам, 16 сайдтай ажиллахаар болж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулсан Ж.Эрдэнэбатын танхимд 13 дэд сайд алба хашихаар болж “виз”-ээ авсан нь энэ.
Үүнд:
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад Ё.Отгонбаяр
- Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
- Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
- Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр
- Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
- Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
- Барилга хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ц.Батбаяр
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
- Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нар тодорлоо.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр тэднийг ажилд нь томилно.
Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө УИХ-аар 2016 оны төсвийн хуулийг батлах шатанд дэд сайдын албан тушаалыг байхгүй болгон төсвийн хөрөнгийг хэмнэхийг уриалж байсан цөөнх эрх мэдэлд хүрэнгүүтээ хэлсэн үгнээсээ буцсан нь энэ.
Тэр тусмаа улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.2 их наядыг давж, долларын ханш 1090 төгрөгтэй тэнцэж, инфляци дифляци руу шилжиж болзошгүй шар гэрлийг анивчуулаад эхэлсэн байтал төрийн бүтцийг толгойд нь данхайлгах оновчтой шийдэл биш .
Дэд сайд л юм болохоор дэргэдээ зөвлөхтэй, туслахтай, жолоочтой болно. Наанаа 13 дэд сайд боловч цаагуураа нэмж 40 шахам хүнийг төрд “шахах” бодлого давхар хэрэгжинэ гэсэн үг. Утас, унааных нь зардал, туслах, зөвлөх, жолоочийнх нь цалин пүнлүү гээд тооцоод үзвэл төсөвт тодорхой хэмжээгээр ачаа нэмнэ.
Төрийн машин хөлөглөж давхихаас эхлүүлээд хэрэглээнийхээ бүхий л зүйлийг төсвөөс санхүүжүүлэх бүрэн эрх дарх эдлэх болохоор ч тэр үү дэд сайдын сунгаанд 70 гаруй хүн өрсөлджээ. Сайдын суудал горилогчдын тоог хэд дахин давсан байгаа юм.
Хэрэг нь гардаггүй, хариуцлага ч хүлээдэггүй албан тушаал болохоор эрэлттэй байсан биз.
Ер нь бол УИХ-д хамгийн их эрүүдүүлж, толгой бөхийдөг нь сайд, төрийн нарийн бичгийн дарга хоёр л байдаг. Дэд сайд бол дунд нь мултарч үлддэг. Сайд нь хариуцлага хүлээж огцорход дэд сайд нь сугараад үлдэх магадлал өндөр. Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян шиг интерпол руу захиа бичиж эрх мэдлээ хэтрүүлж, ашиглачихгүй бол огцрох аюул байхгүй. Үндсэндээ төрд хэрэгтэй гэхээсээ нам доторх бүлэг фракцын эрх мэдлийнх нь шуналыг дарах зорилгоор л бий болгож ирсэн албан тушаал гэж тодорхойлж болно.
Эрх мэдлийг дангаараа атгаж, дангаараа Засгийн газрыг байгуулсан МАН энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэдэж байж, дэд сайдын албан тушаалыг бий болгосон нь албан тушаалын шунал нь хэрээс хэтэрснийг л харуулж буй.
Уг нь МАН хэлсэн үгэндээ эзэн болж, Мэргэжлийн Засгийн газраа дэд сайдгүй ажиллуулсан бол гоё байлаа, даанч чадсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ