“Самсунг” корпораци Лондонд “Галакси” загварын шинэ утасныхаа нээлтийг хийлээ

БНСУ-ын технологийн тэргүүлэх компаниудын нэг болох “Самсунг” корпораци өөрийн нэрийн хуудас болсон “Галакси” загварын шинэ утасныхаа нээлтийг Лондон, Нью Иорк, Рио де Жанейро хотод нэгэн зэрэг хийлээ. Шинээр гарч буй “Галакси Нөүт-7” загварын хувьд олон тооны шинэчлэлийг өөртөө шингээсэн байна.

Шинээр гарсан загварын аюулгүй байдлын асуудалд зохион бүтээгчид нь онцгой анхаарал хандуулсан байна. Өмнө нь энэ загварын утасны цоожийг тайлахын тулд хурууны хээгээ уншуулах боломжтой байсан ч үйлчлүүлэгчдээс хуруу нь нойтон үед утасыг нээхэд хүндрэл учирч байгаа талаар гомдол ирсэнтэй холбогдуулан энэ удаагийн загварыг эзнийхээ нүдний торлог бүрхэвчийг унших боломжтой болгожээ. Ингэснээр хэрэглэгч утасны зохих хэсэг рүү тогтож харснаар утас нээгдэх боломжтой болно. Түүнээс гадна гар утасны камерийн чанар дээшилсэн болохыг компанийн удирдлага санууллаа. Гэхдээ камерын нягтрал сайжраагүй бөгөөд сайн зураг авахад шаардлагатай тусгай тохиргооны чадвар нэмэгдэж, сельфи хийхэд улам амар болсон байна. Шинэ загварын “Галакси Нөүт-7” АНУ-д энэ сарын 19-өөс эхлэн зарагдах бол Европын хэрэглэгчдэд ирэх есдүгээр сарын 2-ны өдрөөс хүрч эхлэх аж. Нээлтийн ажиллагааны үеэр шинэ загвар ямар үнэ ханштайгаар зарагдахыг мэдэгдээгүй ч,ойролцоогоор хоёр сая төгрөгний өртөгтэй байх болов уу гэсэн таамаглал шинжээчдийн дунд байна. “Самсунг” корпорацийн Европ дахь төлөөлөгчийн газрын дарга Дэвид Лүис шинээр гарч буй Нөүт загвар том дэлгэцтэй, маш сайн мэдрэгч бүхий тусгай балтай байдаг зэрэг өөрийн онцлогоо хадгалсан болохыг цохон тэмдэглээд, уран барималч, зохион бүтээгч, архитектур, маркетингийн мэргэжилтэн зэрэг шинийг зохион бүтээдэг салбарын хүмүүст “Галакси Нөүт-7” гайхалтай сайн туслагч нь байж чадна гэдгийг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ