М.Баянмөнх: Би тамга дардаг, хадгалдаг хүн биш

УИХ-ын ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, дангаараа Засаг барих болсон. Энэ хүрээнд аймгуудын Засаг дарга нарыг томилсон. Гэтэл Дорноговь аймгийн шинэ Засаг дарга хууль зөрчсөн томилгоо хийсэн. Энэ талаар бид Дорноговь аймгийнЗамын-Үүд сумын Ардчилсан намын дарга М.Баянмөнхтэй ярилцлаа.

-Таныг Замын-Үүд сумын Засаг даргын ажлаас аймгийн Засаг дарга хууль томилгоо, захирамж гаргаж чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна. Энэ нь дээр та тодруулга өгөхгүй юу?

-Мэдээж аймгийн Засаг даргын шийдвэр гарсан. Энэний зөв бурууг шүүх байгууллага тодруулна гэсэн байдлаас хандан ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд долдугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Мөн энэ хэрэг маань Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд шилсэн учраас би бас иргэдийн хуралд гомдол хүсэлт гаргасан байгаа.

-Аймгийн Засаг дарга ямар хууль зөрчсөн үйлдэл гаргасан юм бэ? Хоёр хууль бус захирамж гаргасан гэсэн байсан. Нэг захирамжин дээр нь таныг дээд боловсролгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна.

-Энэ асуудал дээр эхлээд намайг ямар үндэслэлээр хууль зөрчсөн талаар нотлох баримт гаргаж өгөх ёстой. Аймгийн Засаг дарга Б28, Б29 гэсэн 2 захирамж гаргасан байна лээ. Б28-р захирамжин дээр намайг дээд боловсрол эзэмшээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсүгэй гэсэн заалт байсан. Энэ дагуу би захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс намайг “М.Баянмөнх нь дээд боловсрол эзэмшсэн нь үнэн гэсэн” батламжийг гаргаж өгсөн. Ийм л асуудал үүсээд байгаа.

-Хууль бус томилгоо хийчихээд тамгыг хүчний байгууллагын оролцоотой булааж авсан гэж Замын-Үүдийн Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчид хэлж байна. Газар дээр яг юу болсон юм бэ?

-Миний хувьд бол 7-р сарын 20-ны 17:00 цагийн орчимд ажлаа албан ёсоор хуулийн дагуу Засаг даргын орлогчидхүлээлгэж өгсөн. Тэрнээс хойшхи асуудал хуулиараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдэлд шилжсэн. Тэгээд МАН-ын нөхдүүд тамга тэмдгийг авна, М.Баянмөнхийн оронд үүрэг гүйцэтгэгч хүнд нь шилжүүлнэ гэж хэлээд МАН-ын сонгуулийн сурталчилгаа хийж байсан 2 хүн тамга байсан сейфийг эвдэж авсан байна лээ. Цагдаагийн алба хаагчидтай цуг ирж авсан гэсэн. Өөр тодорхой мэдээлэл алга.

-Таны ажлыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн н.Анхбаяр гэж хүн авсан гэсэн. Тэр хүн хууль ёсны дагуу томилогдсон уу?

-Монгол улсын Засаг захиргааны нэгжийн тухай хуулин дээр үүрэг гүйцэтгэгч томилно гэсэ нэг ч үг үсэг, утга санаа байхгүй. Хууль номоороо дараагийн Засаг дарга томилогдтол Засаг даргын орлогч үүрэг гүйцэтгэнэ, бүх хариуцлагыг хүлээнэ гээд заагаад өгчихсөн байгаа. Ийм заалт байсаар байтал үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь хүлээж авах ямар ч хууль ёсны бололцоо байхгүй. Ийм хууль зөрчиж үүрэг гүйцэтгэгч томилж байсан тохиолдлууд гарч байсан. Жишээ нь: 1996 оны Ерөнхий сайд М.Энхсайхан тухайн үеийн Нийслэлийн Засаг даргыг томилж тогтоол дээр Үндсэн хуулийн цэц дүгнэлт үйлдээд Үндсэн хуулийн 60.2 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байсан. Мөн 2012 онд Дорнодын Засаг дарга дээр ч гэсэн ийм асуудал үүсч байсан. Ер нь үүрэг гүйцэтгэгч гэдэг үг Улс төрийн албан хаагчдад байдаггүй албан тушаал. Харин Төрийн захиргааны алба хаагчдад байдаг.

-Таныг бас тамга тэмдэгээ өгөхгүй хил гараад зугтсан, ерөөсөө олдохгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Та энэ нь дээр тайлбар хийх вэ?

-Тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Би Замын-Үүдээс огт гараагүй. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Засаг дарга хэзээ ч тамга барьдаггүй. Би тамга дардаг, хадгалдаг хүн ч биш. Тусдаа Засаг даргын тамгын газрын дарга гэж хүн бий. Тусгайлсан тамга түших тийм албан тушаалыг заагаад өгчихсөн байгаа. Тэр хүн л хадгалж, тамга дарах эрх үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ