Олон улсын автотээврийг энэ сарын 13-наас туршина

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэх юм байна.

Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үд хүрэх юм. Монгол болон ОХУ олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа аж.

Энэ үйл ажиллагааг Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тээвэрлэлт хийснээр Монголын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд гарах, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэнэ. Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эергээр нөлөөлнө. Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ