1000 оюутан цэргийн тангаргаа өргөн халагдана

Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХ-ний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилга, Засгийн шийдвэрээр гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ жил цар хүрээ нь улам өргөжин тэлж Улаанбаатар, Ховд, Дорнод аймгуудад нэгэн зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 1000 залуу “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан эр цэргийн албыг хааж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 750 оюутан, эх орны баруун хязгаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагдсан байна. Улаанбаатар хотын нийт 19 их, дээд сургуулийн эдгээр 750 оюутан Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн сургалтын төвд бага хугацаанд их зүйл сурахын төлөө албаа нэр төртэй хаажээ.

Жилээс жилд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цаг хожиж алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна.

Хоёр жилийн өмнө оюутан цэрэг хөтөлбөрийг Зэвсэгт хүчний харьяа анги байгууллагууд хариуцан хэрэгжүүлж байсан бол энэ жил Батлан хамгаалахын их сургууль дангаараа бие даан өөрийн сургалтын төвдөө ийнхүү хэрэгжүүлж нийт 120 гаруй багш, офицер ахлагч, ажилтан алба хаагчид тогтсон хөтөлбөр төлөвлөгөөний дагуу алба үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сургалтын нийт 12 цэгт оюутан цэргүүдэд мэдлэг чадварыг олгож байгаа юм.

Мөн ОХУ-д Ерөнхий цэрэг, Хими,автын инженер, Артиллер, Биеийн тамирын багш зэрэг мэргэжлүүдийг эзэмшсэн залуухан офицерууд сургалтын цэг бүрийг хариуцан явуулж байгаа аж.

Батлан хамгаалахын их сургууль дээрхи хөтөлбөрийн бэлтгэл ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн зургаадугаар сарын 15-ны хооронд эрчимтэй явуулж, цэргүүдийн ор дэр, цагаан хэрэглэлээс эхлээд майхны гадаах гэрэлтүүлэг, зам талбай бүхнийг цоо шинээр байгуулан тус хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч ажиллажээ.

Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулан 500 хүн хооллох заал, халуун ус, жагсаалын талбай, гүний худаг, задгай театр, гар нүүрийн угаалтуур зэрэг оюутан сонсогчдын сургалтын болоод, амьдрах орчныг бүрдүүлсэнээрээ тус сургалтын төвийн үйл ажиллагаанд оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсон байна.

Буудагч, тасгийн даргын мэргэжил эзэмшсэн 1000 оюутан ийнхүү энэ сарын 13-аас 15-ны өдрүүдэд эр цэргийн тангаргаа өргөн халагдана.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ