“Үргээлэг” үнэн түүх үү

... Өнгөрсөн шөнө "Босоо Хөх Монгол" ТББ-ын УЗ-ийн гишүүн Д.Чойпүрэвийг ганцаар байхад нь Хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монгол иргэн Чинба гэгч нар 10 орчим Монгол залуусыг хөлслөн зодуулж, хөлийг нь 2 удаа, мөн 3 хавиргыг нь хугалж, тархийг нь гэмтээж улмаар намагт живүүлэн тамалжээ. Одоогийн байдлаар гэмтлийн зэргийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд Д.Чойпүрэвийн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж байна. "Босоо хөх Монгол" бүлгэмийн зүгээс түүний амь насанд аюул учруулахаар завдсан Хятад улсын иргэн тэргүүтэй Монгол залуусыг хууль хүчний байгууллага олж, үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Монгол залуус Хятадын гар хөл болж нутаг нэгтнээ бүрэлгэх явдал Өвөр Монголд биш ар Монголд болдог болжээ... Энэ таагүй мэдээг өчигдөр “ Босоо хөх Монгол” бүлгэмийн П.Шинжээравдан өөрийн нүүр номын хуудаснаа оруулжээ. Бодит байдлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Харин үнэн хэрэг дээрээ ийм зүйл болоод байгаа юу.
П.Шинжээравдангийн сануулан бичсэнчлэн Монгол залуус Хятадуудын гар хөл болж нутаг нэгтнээ айлгах, дарамтлах, бүрэлгэх явдал Өвөрмонголд гардаг уу. Нутаг нэгтнээ үргээн хэдэн халтар төгрөгөөр харийнхны гар хөл болж хүн алахад бэлэн болчихсон залуус хэр олон болчихоод байна. Үргээлэг киноны түүх үнэн бодит болоод байна уу. Цагдаа тагнуулын хараанд ийм этгээдүүд байдаг байх гэж найдаж байна.
“Босоо Хөх Монгол” ТТБ-ын талаар иргэд сайн, муутай л ярьдаг. Ерөнхийдөө харийнхны давралыг дарж, өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдэн тэмцдэг энэ байгууллагын залуусыг олон нийт дэмжих талдаа байдаг. Манай залуус хятадуудад харшилтай хандаж дуулиантай хэрэг төвөг, зодоон цохион босгож л байсан. Гар нүцгэн халз зодоонд яваад орчихдог л эрчүүд. Энэ бүлгэм холбооны залуус бидний нүдэн дээр төдий л ил харагдаад байдаггүй харийнхны замбараагүй байдал, шилжилт хөдөлгөөн, хууль ёсыг үл тоомсорлосон дээрэнгүй танхай байдал зэрэгт зохих шаардлага тавьж, энийг нь хүлээж авахгүй бол гар зангидаж сануулдаг. Бүүр болохгүй бол шууд тулаад заамдаад ч авдаг байх. Эхэндээ зөвхөн өөрсдийн хүрээнд гудамны гэмээр дүрмээр явсан залуус явсаар хууль журмын хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ТББ-ын статустай болсон нь сайшаалтай.
Хөх тэнгэрийн минь доор шаахайнаас өөр өмчгүй хэдэн цаас олох гэж ирчихээд хуулийг нь уландаа гишгэж, хөлчүүрхэж хэгжүүрхэн охид хүүхнүүдийг нь өдвөл Монгол залуус ч цөс ихтэй нь үнэн.
Энд болсон хэрэг явдлын талаар сүүлийн мэдээлэлд гэхэд “Хятад улсын иргэн Лю Дуншинь, Өвөр Монгол иргэн Чинба гэгч нар 10 орчим Монгол залуусыг хөлслөн” гэж нэр устай нь сэжүүр гарган хэлжээ. Энэ мэдээлэл үнэн байгаад ийм дээрээ тулж байгаа бол харийнхан буюу манай улсад удаан хугацаагаар оршин сууж ажил бизнес хөөгч Хятад иргэдэд төр төмөр нүүрээ харуулбал зохино. Гэхдээ дээрх болсон явдлын уг шалтгаан нь хэнээс, юунаас эхэлснийг бид мэдэхгүй учраас аль нэг талыг барьж, хэн нэгнийг өмөөрөх нь өрөөсгөл юм.
Ер нь хойноос ирээс хот минийх болох энүүхэнд болж, хууль журам сахиулагч нарыг ч худалдаж авсан гэж бардамнадаг гэх мэдээлэл байдаг. Зохих шаардлага тавьсан төрийн албан тушаалтан, хяналт шалгалтынханд “дунд хуруу” гарган томордог хурган бизнес өвөр монголчууд, хятадууд их болсон тухай явган яриа дуулдах болсон. Хоёр улсын найрамдалт харьцаа сайн хөршийн тухай чухал ойлголт бидэнд бий. Гагцхүү үнэн мөнийг хууль хяналтынхан тогтоосон цагт л хэн нэгнийг шүүж, шүүмжлэх нь зөв. Гэхдээ хилийн дээс алхаж нутгийн минь тэнгэр доор ирсэн бол уснаас минь уугаад ёсыг нь дагаад найрсаг байхыг хэн хэн нь санууштай. Хуйхаа маажаад, газар шагайгаад айгаад яв гэж монголчууд дээрэлхдэггүй байх. Харин зүгээр л хуулинд минь захирагдаад, хэм хэмжээндээ байгаад хугацаандаа буцчихаж бай л гэсэн энгийн шаардлагыг биелүүлэхийг хүсдэг юм.
Б.Ихэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ