Харгис байгаль уу, хайнга байдал уу?

Өнгөрсөн өдрүүдэд агаарын хэм хэт халж, гол ус бараадах иргэдийн цуваа хөвөрсөөр байгаа билээ. Гэвч хүмүүс анхаарал сэрэмжгүй байдлаасаа болж амь насаа алдах явдал цөөнгүй гарч байна. Ийм харамсалтай хэрэг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг өдөр бүрийн мэдээллээс харж болно.

Нийслэлчүүдийн хувьд аялж салхилж, амрахаар ихэвчлэн зорьдог ойр газар бол Туул гол. Тэгвэл хатан Туул гол минь хатуухан хэлэхэд ундны ус гэхэд хэцүүдэж, цогцсоор дүүрэх нь халаг болж байна. Учир нь тэнд зорин очигсод, эсвэл гарамгүй газраар зорчигчид хайхрамжгүй, сонор сэрэмжгүй байдлаасаа болж усанд үйх явдал газар авлаа. Гол, мөрний усанд хүмүүс өөрсдөө гүйж орж осолддог болохоос байгаль дэлхий дураараа тэднийг авч оддоггүй юм. Тиймээс энэ бол байгалийн гамшиг биш, харгислал ч биш. Зөвхөн Туул гол дээр жишээ татъя.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Сонсголон”-гийн гүүрний дэргэд Туул голын усанд иргэн Б /19 настай, эрэгтэй/ осолдсон тухайдуудлага 2016.07.25-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сонсголонгийн гүүрнээс 300 м-ийн зайд 3 м-ийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргажээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн “Хар усны тохой” Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Б /25 настай, эрэгтэй/-н цогцсыг 2016.08.03-ны өдрийн 18:30 цагт Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 150 метр зайд Туул голын уснаас иргэд олсныг тус дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис-хаан олон улсын нисэх буудлын харалдаа Туул голын усанд хүний цогцос байна гаргаж өнгө үү гэсэн дуудлагыг 2016.08.02-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж, нэр хаяг тодорхой бус 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “Өнөр” амралтын газрын харалдаа Туул голд иргэн Н /20 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж 2016.08.04-ний өдрийн 07:15 цагт анх осолдсон газраас 20 м-ийн зайд цогцсыг олж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн харалдаа Туул голд иргэн Б /18 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 18:14 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.04-ний өдрийн 08:53 цагт осолдсон газраас урд зүгт 100 орчим метрээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар дунд сургуулийн урд Туул голд иргэн Б /16 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.04-ний өдрийн 18:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.08.04-ний өдрийн 20:23 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Үүнээс үзэхэд, Туул голд осолдсон иргэдийн дийлэнх нь залуу хүмүүс байгаа бөгөөд өдөр ирэх тусам усанд осолдсон гэх дуудлага нэмэгдсээр байгаа нь түгшүүрийн харангыг дэлдэх боллоо. Наадмын өмнө болон баярын үеэр хүүхдүүд усанд осолдох явдал цөөнгүй гарсан нь олон нийтэд түгшүүр төрүүлж байгаа хэдий ч иргэдийн сонор сэрэмж хангалтгүй байсаар байна.

Тиймээс байгальд аялж, зугаалах үедээ анхаарал болгоомжтой байх нь юу юунаас чухал гэдгийг дахин дахин сануулъя. Усыг бүү бас, далайг бүү янд.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ