ИУ бүлэглэлийн Синайн жигүүрийн толгойлогчийг устгажээ

Оросын А231 нисэх онгоцыг дэлбэлсэн хэрэгт холбогдолтой байж болох “Исламын улс” бүлэглэлийн Синайн жигүүрийн толгойлогчийг устгасан тухай Египет улс мэдэгдэв. Египетийн цэрэг Синайн хойгт террорын “Ансар Бейт аль-Макдис" бүлэглэлийн толгойлогчийг устгалаа гэж тус орны цэргийн командлалын мэдэгдэлд дурджээ.

Уг бүлэглэлийн толгойлогч Абу Дуаа аль-Ансари террорын “Исламын улс” байгууллагад үнэнч гэдгээ тангараглаж байсныг хэвлэлд мэдээлж байсан юм.

Синайн хойгт “ИУ” байгууллагын нэг жигүүрийн толгойлогчийг устгасныг америкийн тагнуулын алба бас нотолсон байна. АНУ-ын тагнуулын албаны эх сурвалжууд америкийн телевизийн "Фокс-ньюс" сувагт ярилцлага өгөхдөө, "Ансар Бейт аль-Макдис"бүлэглэлийн толгойлогч Абу Дуаа аль-Ансарийг үнэхээр устгасныг нотолжээ.

Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербург рүү нислэг үйлдэж байсан нисэхийн "Когалымавиа" компанийн А321 нисэх онгоц ноднин 10 дугаар сарын 31-нд сүйрсэн юм. Нисэх онгоцонд явсан 224 хүн бүгд амь үрэгджээ. Тэд ОХУ, Украин, Белорусын иргэд байсан юм.

Оросын Аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортниковын хэлснээр, тротилын эквивалентаар 1 кг хүртэл хүчин чадалтай бөмбөг нисэх онгоцонд дэлбэрсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ