Эрлийн ажиллагааг үргэлжлүүллээ

Гол, мөрний усанд амь насаа алдах тохиолдол багасахгүй байна. Энэ нь иргэдийн өөрсдийн анхаарал, сэрэмжгүй байдалтай шууд холбоотой юм. Тиймээс хүн бүр үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.08-ны өдөр моторт завиар 20 км газрыг 2 удаа явж самналт хийгээд байна.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д-н хүсэлтээр дахин үргэлжлүүлэхээр болжээ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн Шар хад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол жуонли” жоншны уурхайн тогтоол усанд 2 хүүхэд осолдсон дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 00:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Г /16 настай, эрэгтэй/, А /15 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Хүүшийн булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд нэр, хаяг, нас, хүйс нь тодорхой бус хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээражиллаж Дэлгэрмөрөн голын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ