Таамгаар биш дурмээр амьдрах нь амар

Гадаад хүмүүс гэхээр л соёлтой байдаг юм биш ээ. Соёлтой болгож харагдуулж байгаа зүйлс ердөө л ТАНИУЛАХ, МЭДҮҮЛЭХ, ОЙЛГУУЛАХ ажлыг жил бүр, сар бүр, өдөр бүр хийдэгт л байдаг юм байна. Өнгөрсөн сард Канадын нэг сургалтын төвд цагдаагийн офицер Жослин гэдэг бүсгүй мэдээлэл өгсөн юм.
Тэрээр 911 дугаар луу залгах тухай хүртэл зааж өгч байна. Энэ ажлаа гадаад, дотоод, хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүрт заадаг тухай ярьж хичээл эхлэв. Дуудлага бүрийг яаралтай, яаралтай биш дуудлага гэж хоёр ангилдаг. Юм бүхэнд 911 руу залгаад байвал бусад хүний алтан амийг аврах цагаас та хорооно гэх мэт олон мэдүүштэй зүйлс зааж байв. Жишээ нь та гар утсаа, гэрийн тэжээмэл амьтнаа алдсан тохиолдолд 911 руу залгах шаардлагагүй гэх мэт бүх зүйлсийг нэгд нэгэнгүй хэлж өгч, хүмүүс нэгэнтээ заалгасан болохоор дагаж мөрдөхөөс өөр аргагүй болно.
Ер нь энгийн юм шиг мөртлөө ТАНИУЛАХ ажил гэдэг хамгаас чухал юм. Энэ нь хотыг, хүмүүсийг сайхан болгож харагдуулж, эмх цэгцтэй, тайван амьдрах боломж олгодог юм байна. Угаасаа бид таньж мэдээгүйгээс болж алдаа гаргадаг шүү дээ.
Хүн бүрийн мэдээллийг хүлээн авах чадвар өөр байдаг. Тиймээс хэрхэн амар тайван амьдрахыг заах нь зөв ажил юм. ТААМГААР БИШ ДҮРМЭЭР амьдарвал хэн хэндээ амар.
Канадад шинэ ажилд орж байгаа хүмүүст зориулсан сургалт гэж маш чухал зүйл бий. Байгууллага хүний нөөцийн дутагдалд орохгүйнтулд үнэхээр сурахаас өөр аргагүй болтол заадаг. Мөн л байгууллага бүр дүрэмтэй бөгөөд ханын самбарт бичих, и-мэйл, мессэж илгээх, уулзалт зэргээр дүрэм журмаа үргэлж сануулна. Зарим албан газар "үнэртэй ус болон үнэртэн гоо сайхны зүйл битгий хэрэглээрэй, манайд харшилтай ажилтан байгаа" гэсэн хөгжилтэй дүрэм ч үйлчилдэг байх жишээтэй.
Газар газраас цугласан олон үндэстнүүд эв түнжинтэй байдаг гол зүйл бол ДҮРЭМ, ЖУРАМ гаргаад түүнийгээ ТАНИУЛАХ явдал юм байна гэдгийг эндээс сайтар ойлгож авлаа. Канад улсад ирсэн хүмүүст зориулсан үнэ төлбөргүй олон сургалтууд байдаг. Тэрхүү сургалтаар дамжуулан тус улсыг зорин ирэгсдийг ийнхүү хүмүүжүүлдэг жишгийг бид ч хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ