“Үндэсний цом 2016” тэмцээн албан ёсоор хөшигөө нээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн энэ жил анх удаагаа хөдөө орон нутагт болж байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болж буй энэ жилийн тэмцээний нээлтэнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр, САЗД-ын орлогч Т.Амарбаатар нар оролцсон. МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог “Үндэсний цом” хэмээх нэр хүндтэй тэмцээнийг өөрийн аймагтаа хүлээн авсантай зэрэгцэн дугуйн спортын тойрог замын ДАШТ-ий аварга, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат Т.Тэгшжаргал эх нутагтаа ирж баяр дээр баяр нэмсэн юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар тэмцээнд оролцож буй 15 аймгийн дасгалжуулагч нарт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талархалын бичгийг уламжилсан. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Монголчуудыгаа олон сайхан дуугаараа байлдан дагуулсан “Хурд” хамтлаг ая дуугаа өргөсөн юм. Хурдан хүлэг, хурдан дэлхийн аваргатай Сүхбаатар аймагт “Хурд” хамтлагийнхан нэгэн үдшийг доргио сайхан өнгөрөөж, “Үндэсний цом 2016” тэмцээн албан ёсоор хөшигөө нээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ