РИО 2016: Aварга Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр байт харваа, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 24 төрлийн тэмцээн уралдаан болж, зарим төрлүүдэд медалийн эзэд тодорно.
Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, буудлага, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх бөгөөд дараах тамирчид тэмцээнтэй.
БУУДЛАГА:
Эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалд буудах дасгалд ОУХМ Г.Нандинзаяа өрсөлдөнө. Энэ дасгалд нийт 51 тамирчин оролцох юм. Манай тамирчин хийн урт бууны 10 метрийн дасгалд цэц сорьж, 14-р байранд орсон юм. Олимпийн наадамд анх удаа оролцож буй Г.Нандинзаяа Риогийн хоёр дахь буудлагад оролцох гэж байна.
Ганхуягийн НАНДИНЗАЯА
- 1994-06-27-нд төрсөн, Улаанбаатар,Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцоно
- 2016,“Дэлхийн цом”,Хүрэл медаль,Рио-де-Жанейро,Бразил
- 2013,Оюутны Универсиад наадам,Мөнгө,Хүрэл медаль,Казань,ОХУ
- 2012,Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,хошой алтан медаль
УСАНД СЭЛЭЛТ:
Усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрлөөр ОУХМ Б.Дөлгөөн оролцоно. Түүний хувьд энэ удаагийн наадамд урилгаар оролцож байгаа билээ. Олон улсын усан сэлэлтийн дүрмийн дагуу “Рио-2016”-д нийт усан сэлэлтээр 902 тамирчин оролцож байна. Тэдний 600 гаруй нь эрхээ авсан буюу A, B цагаа биелүүлсэн тамирчид. Харин 200 гаруй нь урилгаар оролцож байгаа юм.
Батсайханы Дөлгөөн 1986 онд төрсөн. ”Хангарьд” спорт клубт харьялагддаг.
2016 онд тавдугаар сард зохиогдсон “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн “өврөөр даллах” сэлэлтээр 24.25 секунд, “далайн гахай” сэлэлтээр 25.79 секундын амжилт гарган 50 метрийн усан бассейны Монгол Улсын рекордыг шинэчилжээ.
БОКС:
Монголын боксын шигшээ багийн тамирчдаас нь эрэгтэй зургаан тамирчин Риог зорьсон. Одоо тэднээс 49 кг-д Г.Ган-Эрдэнээс бусад нь тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр эрэгтэй 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Ирландын боксчин Стэвэн Доннеллтэй өрсөлдөнө. Манай тамирчин эхний тойрогт хүчтэй өрсөлдөгч болох Аргентиний Палмэтта Албертог ялсан.
ЖҮДО БӨХ:
Олимпийн наадмын нээлтийн дараа эхэлсэн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдах гэж байна. Жүдо бөхийн төрлөөр 136 орноос оролцож 24 нь медаль хүртээд байна. Японы баг тамирчид 3 алт, 6 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол ОХУ 2 алтан медальтай. Итали, Бразил, Словени, Аргентин, Косово улсаас олимпийн аварга төрөөд байгаа. Монгол улс нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар жагсаалтын 11-р байранд бичигдэж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас хоёр тамирчин Риогийн татамид гарна.
Эмэгтэй 78 кг-ын жинд нийт 18 жүдоч өрсөлдөнө. ОУХМ П.Лхамдэгд “А” хэсгэт багтсан бөгөөд эхний тойрогт Унгарын Абигэл Жоотой барилдана.
Эрэгтэй 100 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдөнө. Н.Түвшинбаяр “А” хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт дэлхийн аварга Кубын Жозе Арментерозтай барилдана. Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын хувьд медаль авах бөхчүүдийн тоонд зүй ёсоор бичигдэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ