РИО 2016: Монголын багийн өнөөдрийн хуваарь

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох хөнгөн атлетикийн тэмцээн эхэлж байгаа бол жүдо бөхийн сүүлийн өдөр.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гольф, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 25 төрлийн тэмцээн уралдаан болж, зарим төрлүүдэд медалийн эзэд тодорсон.

Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Дараах тамирчид тэмцээнтэй.

БОКС:

Зургаан тамирчинтай Риог зорьсон боксын багийн хоёр тамирчин үзэгчдийн суудалд шилжлээ. Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Н.Түвшинбат нарын тэмцээн өндөрлөсөн.

Өнөөдөр боксчдын медалийн төлөө өрсөлдөж эхэлнэ. Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Өнөөдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж байна. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06.00 цагт болно.

УСАНД СЭЛЭЛТ:

Усан сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын хоёр дахь тамирчин Б. Есүй юм. Тэрээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Баяраагийн Есүйгийн хувьд өдгөө 16 настай бөгөөд Орхон аймгийн Орос IV сургуулийн 10б ангид суралцдаг ажээ. Тэрбээр энхүү наадамд оролцож байгаа Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

Б.Есүй усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон олон улсын болоод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байжээ.

Б.Есүйгийн уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхэлнэ.

ЖҮДО БӨХ:

Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.

Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн "А" хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ. Алжирын бөх 30 настай, 2013 онд Рио хотод болсон дэлхийн аваргад 17-р байранд шалгарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ