Д:Отгондалай: Нойроо хасан дэмжсэн монголчууддаа баярлалаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам үргэлжилж байна. Монгол Улсын Рио-2016 олимпийн медалийн гарааг Д.Сумъяа тавьж өгсөн бол өнөөдөр хоёр дахь медальтан тодорлоо. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж, үүрээр манай ширэн бээлийтэн Д.Отгондалай эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөн хүрэл медалийн болзлыг хангаж, мөнгийн төлөө тоглохоор болж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ.

Манай боксчин ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Улмаар шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 /30-27, 29-28, 29-28/-аар илүүрхэн ялалт байгуулав. Тэрээр дараагийн тулаанд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг энэ сарын 15-ны (даваа гарагийн) өглөө06:30 цагт Францын Софьян Умиатай тоглоно.

Д.Отгондалайгийн тоглолтыг Риод хүрэлцэн очсон Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Х.Болдбаатар, С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, хүндийн өргөлт, усанд сэлэлтийн тамирчид, Монголын багийн бусад гишүүд ирж дэмжжээ.

"Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага зургаан боксчин хүчээ сорьж байгаагаас дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Доржнямбуу ОТГОНДАЛАЙ

  • 1988-01-28-нд төрсөн, Дорнод,Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцож байна
  • 2014,Азийн наадам, Алтан медаль,Инчён,БНСУ
  • 2015,Азийн аварга шалгаруулах тэмцээн,Алтан медаль
  • 2016,Олимпийн эрх олгох тэмцээн,Алтан медаль

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ