Фидель Кастрогийн ойд зориулан 90м урт навчин тамхи ороожээ

Наймдугаар сарын 13-нд 90 нас хүрч байгаа Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро төрсөн өдрөөрөө 90 метр урт навчин тамхи бэлгэнд авна. “Fox News Latino” сайтад бичсэнээр, навчин тамхи ороодог мастер Хосе Кастелар энэ ер бусын бэлгийг бэлтгэжээ.

“Би энэ тамхийг ороохын тулд арван өдрийн турш хоногт 12 цагаар ажилласан” гэж тэр ярьсан байна. Дэлхийд хамгийн шилдэг нь хэмээн 72 настай Кастеларын үздэг кубийн 80 орчим килограмм тамхи түүнд шаардагджээ.

Фидель Кастрод зориулан ийм урт янжуур ороосныг Гаванад суугаа Их Британийн элчин сайдын яамны ажилтан гэрчлээд, Гиннессийн номонд бүртгүүлэхээр зохих баримт бичгийг явуулсан байна.

Фидель Кастро биеийн байдлаас болоод 30 орчим жилийн өмнө тамхи татахаа больжээ.

Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд кубийн Орьенте мужид төржээ. Тэрээр дарангуйлагч Фульхенсио Батистаг түлхэн унагаснаар 1959 онд засгийни эрхэнд гарсан юм. Өвчний улмаас 2006 онд Кастро засгийн эрхийг өөрийн дүү Раульд түр шилжүүлж, дараа нь дүү нь 2008 оноос улс орныг бүрэн удирдах болсон билээ.

Хосе Кастелар түрүүнд нь ер бусын урт янжуур хийж байжээ. Тухайлбал, 2001 онд тэр 11,4 метр урт, хоёр жилийн дараа 14,86 метр, 2005 онд 20,41 метр урт янжуур ороож байсныг “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Дөрвөн жилийн дараа тэр 43,38 метр, 2011 онд 81,80 метр янжуур ороосныг Ройтерс агентлаг дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ