Жалайр М.Баттөгс: Сайхан Монгол хэл гэдэг чинь тэнд л байна шүү дээ...

“Монголд ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг 1 сая 200 мянган хүн байна гэсэн дүн бүртгэлийн мэдээ байна. Гурван сая хүн амаас ном уншдаггүй бага насны балчир хүүхдүүдийг хасаад, бүр юм уншихаа байсан хөгшчүүлийг хасаж тооцвол хоёр хүн тутмын нэг нь ухаалаг гар утастай юм уу, падтай байна гэсэн үг шүү дээ. Тиймээс цахим номын хэрэгцээ, хэрэглэгч, уншигч хангалттай байна гэсэн үг...”

хэмээн бидэнтэй үзэл бодлоо хуваалцах "Номус" ХХК-ийн гүйцэтгэх захирал Жалайр М.Баттөгстэй уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Яагаад Цахим номын сантай болохоор шийдсэн бэ?

-Одоогоос 20 жилийн өмнөөс буюу 1996 оноос эхлэн цаасан номыг цахим хэлбэрт шилжүүлж яаж хэрэглэгчдэд хүргэж болох вэ гэж хөөцөлдөж явсаар анх 2000 онд сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулаад “Цахим цагаан толгой” гаргаж байсан. “Цагаан бамбарууш” хэвлэлийн газар маань анх “Ц. Дамдинсүрэнгийн бүрэн зохиол”-ыг CD хэлбэрт хөрвүүлж, “Д. Нацагдоржийн Бүрэн зохиол” болон “Монгол хэлний тайлбар толь”, “Орос монгол толь”-ийг мөн CD хэлбэрээр гаргасан. Үүнээс гадна гадаадын тоглоомуудыг монгол хүмүүсийн сэтгэхүйд тааруулан орчуулж Монголын уншигчдад хүргэж байсан юм. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр техникийн шаардлага хангахгүй, зохиогчийн эрхийг зөрчих юм уу зарим нэг асуудлуудыг хөндөж эхэлсэн шүү. Цаанаасаа бүх зүйл шинэ үе рүү шилжиж эхэлсэн. Post PC гэж нэрлэдэг ухаалаг төхөөрөмжийн үе эхэлсэн. Урьд нь компьютер дээр хийж байсан бараг бүх зүйлийг гар утаснаасаа хийж болдог болсон. Би ч, та ч мэдэж байгаа, цахим шуудангаа, фейсбүүк хуудсаа, лавлаж харах мэдээллээ шалгах зэрэг бүх зүйлийг бид гар утсан дээрээсээ хийж болдог. Тиймээс номыг ч гэсэн гар утас руу шилжүүлэх нь зайлшгүй шаардлага гэж хэлж болно. Хэдийгээр шаардлага нь гарсан ч хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байсан.

Зохиогчийн эрхийн тухай хууль 1993 онд батлагдсан боловч номын сангийн үйлчилгээ эрхлэх, төлбөртэй үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчин байхгүй байсаар 2014 оны 12 дугаар сард “Номын сангийн тухай хууль” батлагдсан. Уг хуулиар номын сан хэрхэн төлбөртэй үйлчилгээ эрхэлж болох, цахим уншлага гэж юу болох талааройлголтуудыг тодорхой болгосон.

-Энэ ажлыг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Санаа байхад хийх арга, технологи гэж юм хэрэгтэй, олон ч арга хэрэгсэл, хамтарч ажиллах байгууллагуудтай уулзсан. Нэг талаасаа санал санаачилга нь манайхаас гарсан ч нөгөө талаасаа Хүүхдийн төв номын санд бас санал байсан, тэгээд хамтарч ажилласан. Урьд нь ч гэсэн CD хэлбэрээр номын санд уншигчдад номыг хүргэхийг хичээсэн ч нөхцөл байдал тийм ч сайн бүрдэхгүй л байлаа. Тийм ч учраас яригдаж хийгдсээр байгаад 2015 оны дөрөвдүгээр сараас эхлээд л энэхүү апликэйшнийг хэрхэн хийх үү, төлбөр тооцоо, хамгаалалтын асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэх асуудлаар хөөцөлдсөөр байсан даа. Чадна чадна гэх компаниудтай олон ч удаа таарсан. “Цагаан бамбарууш” маань хэвлэлийн газар учраас хүнд номыг хэрхэн гоё сайхан харагдахаар хийх вэ, хэрхэн уншигчдад номыг хүргэж номд дуртай болгох вэ гэдэг талаас нь нэлээд бодож төлөвлөсөн. Харин програм талаасаа хийх компани олдож өгөхгүй нэлээд удсан. Харин монголын анхны агрегатор компани болох Монотт компани энэ ажлыг маш сайн хийж гүйцэтгэлээ. Ингээд 2015 оны 12 дугаар сараас эхэлж хийгээд энэ оны есдүгээр сараас эхлээд Цахим номын сан маань ажиллаж эхлэн, ном унших “Номын хүрээ” апп маань AppStore, GooglePlay дэлгүүрүүдээр тавигдсан. Манай апликэйшнийг татаж авахад үнэгүй. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид эхний 7 хоногийг бэлэглэж байгаа.

-Ойролцоогоор хэчнээн ном апликэйшнд орсон байгаа вэ? Цаашдаа ном нэмж орох уу?

-Хэдийгээр манай вэб сайтад 801 ном гэж гарч ирж байгаа ч цаашдаа ном маань нэмэгдсээр л байна. Одоо өдөрт тав, зургаан ном орж байна. Номын сан бол соёлын оюуны өвийг хадгалах үүрэгтэй. Тийм ч учраас бид шинэ ном оруулахын зэрэгцээ мөн 1950, 60-аад оны маш сайхан номуудыг ч оруулж байгаа. Тухайлбал,эрүүл ахуйн шаардлага хангахгүй эсвэл материаллаг шаардлага хангахгүй, хуудаснууд нь дутуу болон урагдчихсан, хавтас нь байхгүй зэрэг асуудлын улмаас уншигч өргөн олонд үзүүлэх боломжгүй номууд байдаг. Харин тэдгээрийг цахимд оруулснаар нэгэн зэрэг дэлхийн хаанаас ч, Монгол улсын аль ч өнцөг булангаас хаа сайгүй унших боломж нь нээгдэж байгаа юм. Энэ номын санг хэрэглэхэд танд ухаалаг төхөөрөмж, интернет сүлжээ байхад л хангалттай.

-Хуучин номууд гэснээс та жишээ дурдахгүй юу?

-Манайхан сайн мэддэггүй. Жишээ нь: Робин Гүүдийн домог 1960-аад онд гарсан, Винни Пүүхийг бид Вуолт Диснейгийн хүүхэлдэйн кино л гэж ойлгодог. Гэтэл энэ ном чинь аль 1950-иад оны үед Монгол хэл дээр гарчихсан байх жишээтэй. Дахиад олон ч номыг дурдаж болно. Эдгээр номууд нь архивт орчихсон, ганцхан хувь байдаг, уншилтад гардаггүй, түүхийн үзмэр шиг болчихсон. Энэ номуудыг ч гэсэн бид цахим номын сандаа оруулж байгаа юм. "100 ном уншихад хүний хэл ярианы баялаг нэмэгдэж, ярих үг өөрөө ундарна" гэсэн үг фейсбүүкээр явж байсан, ихэнх нь харсан болов уу. Энэ бол үнэн. Ер нь Монгол хэлээрээ сайн ярьж чадахын тулд сайхан Монгол хэлээрээ бичсэн хуучны ном зохиолыг унших хэрэгтэй. Үг хэл хүртэл цэгцэрнэ шүү дээ. Бидний “урлагийн алтан үе” гэж нэрлэдэг үеийн ном зохиолуудыг нэгийг ч үлдээлгүй номын сандаа оруулахыг хичээж байна.

-Ер нь энэ алтан үеийн зохиолыг унших шаардлагатай нийгмийн бүлгийг та ямар үеийнхэн гэж харж байгаа вэ?

-Хамгийн унших шаардлагатай бүлэг бол мэдээж залуу үе маань шүү дээ. Тиймээс дунд сургуулийн хичээлийн программын дагуу унших, эсвэл хичээлээс гадуур унших шаардлагатай уран зохиол, нийгмийн ухаан, түүхийн холбогдолтой номуудыг хамгийн түрүүнд оруулж өгсөн.

-Номын сангийн тухай хууль эрх зүй гэж хоёулаа ярьсан. Ямар учиртай хууль байв аа? Яагаад хуучин хэвлэлийн номууд эхэлж энэ номын санд ороод байгаа юм бэ?

-Зохиогчийн эрх нь улсад шилжсэн номуудыг төсвийн санхүүжилттэй номын сан цахимд оруулж болно гэж заачихсан юм. Тэр нь юу байв аа гэхээр 1993 оноос өмнө буюу зохиогчийн эрхийн тухай хууль гарахаас өмнө “Улсын хэвлэлийн газар” эрхлэн хэвлэж байсан номууд юм л даа. Тийм учраас хуучин хэвлэлийн номууд түрүүлж ороод байгаа юм. Нэг шалтгаан нь энэ хэдий ч нөгөө талаасаа хуучин хэвлэлтийн номууд хамаагүй уншууртай баялаг юм шүү дээ.

-Үгийн баялгийн хувьд тэгэхээр харьцангуй өргөн хүрээтэй байх нь ээ?

-Өө...Ярих зүйлгүй. Сайхан Монгол хэл гэдэг чинь одоо тэнд л байна шүү дээ.

-Энэ татаж авсан номоо хэвлүүлээд авчих боломж байгаа болов уу?

-Үгүй. Шаардлагагүй шүү дээ. Хүмүүс нэг гоё юм хийгээд гаргаад ирэхээр дандаа байхгүй зүйлийг нь асуудаг. Тэр хуучны номыг дахиж хэвлэх үү гэж их асуудаг. Манай орон бол маш өргөн газар нутагтай хүн ам нь маш тархуу аж төрдөг. Тэгээд бүх аймаг суманд Нацагдоржийн бүрэн зохиолыг хэвлээд тараая гэхэд хэвлэлтийнхээ зардлаас илүүтэй тээврийн зардал гэх том асуудал гарна. Гэтэл энэ номыг тээвэрлэхгүйгээр цахимаар хаа сайгүй уншиж, үзэх боломжтой. Яагаад боломж гэж байгаа вэ гэхээр Монголд ухаалаг төхөөрөмжтэй нэг сая 200 мянган хүн байна гэсэн судалгаа бий. Гурван сая хүн амаас ном уншдаггүй бага насны балчир хүүхдүүдийг хасаад ном уншихаа байсан хөгшчүүлийг хасаад тооцвол хоёр хүн тутмын нэг нь гар утастай гэсэн үг шүү дээ. Тиймээс цахим номыг цаасан болгох ямар ч шаардлага байхгүй болов уу.

-Цаасан ном унших сонирхолтой хүмүүс нь яах вэ?

-Яах вэ. “Тунгалаг тамир”, “Үүрийн туяа”, “Газар шороо” … романыг ч юм уу, дахиад хэвлэчихсэн байна. “Газар шороо” роман гурван боть нь 60 мянган төгрөг. Гэтэл тэр гурван ботийг гурван мянган төгрөгөөр уншиж болно. Гэхдээ үргэлж хэрэглэгчдэд сонголт бий. Сонголт өгч байна гэсэн үг л дээ. Та цаасан номоо худалдаж авах юм уу, номын санд очиж уншиж болно.

-Ямарч салбарт үргэлж асуудал дагуулдаг зүйл бол үнийн бодлого байдаг шүү дээ. Тэгэхээр үнэ цаашид нэмэгдэх үү. Бизнесийн салбарынхан хэрэглэгчээ татчихвал үнээ өсгөх хандлага их ажиглагддаг?

-Аан... Үнийн хувьд ер нь буурах тал руугаа чиглэх боломжтой. Яагаад гэвэл цахим орчин чинь хэрэглэгч олон байх тусмаа үнээ бууруулах боломжтой болж ирдэг. Жишээ татвал: Хэрвээ цаасан номыг худалдан авагч нь их болох тусмаа олныг хэвлэх шаардлагатай болдог. Гэтэл цахим бол эсрэгээрээ. Нэг номын эх бэлэн байхад олон хүн унших тусмаа өртөг, үйлчилгээний зардал багасаад эхэлдэг. Интернетийн төлбөрийг үүнтэй харьцуулж болно. Анх интернет ямар үнэтэй байлаа одоо хэрэглэгч нь олон болох тусмаа үнээ багасгасаар л байгаа. Зарим гадаад орнуудад интернетийн төхөөрөмжөө л худалдаад авчихвал интернет нь үнэгүй болчихсон байгаа жишээтэй. Үүнтэй адил хэрэглэгч олон болох тусмаа л манай номын сангийн маань үнэ багасах боломж нээгдэнэ шүү дээ.

-Миний сонирхлыг татсан бас нэг зүйл бол 756 номын санч, 2800 гаруй Монгол хэл уран зохиолын багш нарт бэлэг өгнө гэсэн. Энэ талаараа та бидэнтэй хуваалцахгүй юу?

-Нэгдүгээрт: дээр хэлсэнчлэн дунд сургуулийн хүүхдүүдийн хичээлийн программд зориулсан уран зохиолуудыг түлхүү оруулж байгаа гэсэн шүү дээ. Тиймээс Монгол улсын хувийн болон улсын дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын бүх багш нарт цахим номын санг нэг жилийн хугацаатай хэрэглэх эрх бэлэглэхээр зэхэж байна. Энд ийм боломж бий гэдгийг багш нартаа танилцуулж байгаа хэрэг. Нөгөө талаараа сурагч хүүхдүүдэд ном уншихад илүү дөхөм, ойрхон болгож байгаа юм. Сүүлийн үед хүүхдүүд дунд бий болсон “Номын санд эх зохиол байхгүй байна лээ. Тийм учраас даалгавраа хийгээгүй” гэх шалтгааныг ч мөн давхар үгүй болгож байгаа юм. Хамгийн гол нь хүүхдүүддээ танилцуулахаас өмнө багш нар маань өөрсдөө энэ зүйлтэй танилцах шаардлагатай шүү дээ.

Хоёрдугаарт: Монгол улсад дунд сургуулийн номын санч 756 байдаг. Тэдний сургалт, аргазүйн заавар зөвлөгөөг Хүүхдийн төв номын сан хариуцаж хэрэгжүүлдэг. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дунд сургуулийн номын санчдад цаасан номын сангаас гадна цахим номын сан байдаг юм шүү гэдгийг танилцуулах зорилгоор апликэйшнээ нэг жилийн хугацаанд үнэгүй хэрэглэх эрх бэлэглэж байгаа. Дунд сургууль дээр судалгаа явуулахад үнэхээр юм уншдаг хүүхдүүд сургуулийнхаа номын сангаар байнга үйлчлүүлдэг, номын санч нь ямар насанд, хэддүгээр ангид юу уншихыг нь зөвлөдөг сайн зөвлөгч байдаг юм билээ.Сургуулийнхаа номыг уншаад дуусчихсан хүүхдэд цаана нь бас ийм унших юм байгаа шүү гэж тэд сурагчдад зааж залж өгөхөд нь хэрэгтэй гэж л ингэж байгаа юм.

-Номын тоонд хүмүүс бас их анхаарал хандуулах нь дамжиггүй?

-Хүмүүс хэдэн номтой вэ? гэж асуудаг. Гэтэл “Онцгой эрх” гээд ном бол 770 нүүртэй байхад түүнийг 16 нүүртэй номтой харьцуулж болохгүй. Манай цахим номын санд байгаа 800 номыг бүгдийг уншлаа гэхэд 2600 цаг хэрэгтэй болно.

Бас нэг чухал зүйлийг мартаж болохгүй. Дунд сургуулийн хүүхдүүдийн сургалтад хэрэглэхээр номуудыг оруулжбайгаа учраас бүх номын үг, үсгийн алдааг засаж байгаа. Монгол бичгээс кирилл үсэг рүү шилжихэд үгнүүд маань янз бүрээр бичигдсээр өнөөг хүрчээ. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд Монгол хэлний журамласан 700 үг гэх мэт дүрэм журам гаргаад л явсан. Гэтэл журамласнаас гадна маш олон янз бүрээр бичдэг, зөв буруу нь мэдэгддэггүй үг олон байна. “Монгол хэлний хэлзүйн толь” гэж МУИС, Монгол хэл соёлын сургууль, Эх бичиг-Алтай судлалын тэнхимээс гаргасан толийг хэрэглэж байгаа. Мөн Болорспейл программын шүүлтүүрээр оруулж нэгэн жигд болгосон. Гэтэл програмаар хайгаад илэрдэг үг, илрэхгүй үг гэж бас байна. Жишээ нь хир буртгийн ХИР, хэр хэмжээний ХЭР гэх үгийг дээр үеийн номууд дотор ялгахгүй хольж хутгаад хэрэглээд явсан байна. Тэгэхээр зохиол бүрийг программаар шүүхээс гадна уншиж,алдааг засаж цахим номын санд оруулж байгаа. Номын эх хувь Монголын хөндөх ёсгүй түүх болоод номын санд байж байгаа шүү дээ.

-Өнөөдөр болох Цахим номын сангийнхаа нээлтийн талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу.


-Есдүгээр сарын 15-16-нд Үндэсний номын баяр болно. Түүнтэй давхцуулаад “Цахим номын сан” ба “Номын хүрээ” апп-ынхаа нээлтийг хийж байна. Цахим юмыг яаж нээдэг юм гэж зарим хүмүүс гайхаад асуугаад байгаа. Хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх л арга хэмжээ болох юм.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд тань баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

-Баярлалаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ