“Хаяг тогтоох төвийн хүүхэд” шиг хотынхон

Дэлхийн бөмбөрцөг нь zip, QR гээд улам дижитал болоод байдаг. Хаягаа мэдэхгүй монголчууд бид "цэнхэр хашаатай байшингийн дэргэд...”гэж ярьсаар шинэ зууны тавны нэг хугацааг өнгөрөөх нь. Хоорондоо ойлголцоход хүртэл төвөгтэй энэ зуршлаасаа бид салах цаг болсон. Ахмадууд нь дэлгүүр хоршоогоор, дунд үеийнхэн хоол зоогийн газраар, залуучууд нь баар цэнгээний газраар, хүүхдүүд нь тоглоомын газар PC-гээр байрлал зааж ярьдаг, ямар ч байсан ойлголцдог манайх шиг улс түмэн үгүй биз. Ялангуяа нийслэлчүүд “Хаяг тогтоох төв”-д ирсэн хаягаа хэлж мэдэхгүй хүүхэд шиг байдаг гээд хэлчихвэл хол зөрөхгүй болов уу. Энэ нь хот төлөвлөлт замбараагаа алдсантай шууд холбоотой нь мэдээж.

Уг нь сүүлийн жилүүдэд гудамж, талбай, байр сууцыг хаягжуулах, хуучин хаягийг шинэчлэн сайжруулах тал дээр маш их ажлыг хийсэн. Гэтэл иргэд шинэ хаяг хийсэн байна гэж хүнийг юм хийсэн үгүйгээр нь дүгнээд өнгөрөхөөс биш тухайн хаяг, самбар дээрх тоо, үг үсгийг тогтоож авах тал дээр огт тоомжиргүй ханддаг нь манайхны бас нэг сонин сэтгэхүй юм. Тэр бүгд зөвхөн гадныханд зориулагдсан мэт. Өнгөрсөн зуунд ч байсан нэршлүүд одоо ч хэвээрээ байгаа хэдий ч түүнийг нэрлэх хүн тун ховор, хэрэглэдэг хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин бидний дэргэд гадны жуулчид илүү нэрлэж мэднэ.

Бас нэг зүйлийг энд дурдахад, шинээр баригдаж байгаа барилга, байгууламжууд нь өөрийн гэсэн, албан ёсны, давхцахгүй хаягтай байх ёстой. Гэтэл зарим тохиолдолд орон сууцнуудын тоог салбарлуулан олгодог дүр зураг манайд элбэг. Жишээ нь, 20-р байрны ойролцоо шинэ барилга баригдлаа гэхэд шинэ байрыг 20-ийн 2 дугаар байр гэх мэтээр хаягладаг. Тухайн хороололд баригдсан байрны тоо нь дууссан гэлтэй зай завсаргүй баригдах барилгуудыг тооны завсруудаар хүртэл дугаарлах нь гайхалтай. Бас зарим гудамжаа нэр олдохгүйдээ ч юм уу, гадаадын хүн, хот, гудамжаар нэрлэдэг. Үүнийг зарим нь ойлгож цээжлэхэд бэрхээр барахгүй хэлэхэд ч хэл эвлэхгүй төвөгтэй гэсэн шүүмжлэл нэлээд гардаг.

Ингээд ч болтугай хаягтай байлаа гэхэд анхнаасаа хэвшээгүй болохоор энэ үеийнхэнд гудамж, талбайгаа нэрээр нь хэлэх гэдэг хэцүү даалгавар болсон. Харин ирээдүйд хаягаа мэддэг эзэнтэй байхын тулд энэ мөчөөс шинэ үеийнхэндээ төрсөн нутаг дэвсгэр, гэрийнх нь хаягаас эхлээд хэлж сургах нь зөв зүйтэй ажил болно. Яг л “Маамуу нааш ир” дууг багаас нь анх зааж сургадаг шиг. Ингэхийн тулд сургуулийн өмнөх насны боловсролын салбарынхныг энэ ажилд бэлтгэх хэрэгтэй. Түүнчлэн эцэг, эхчүүд ч орчноо нэр хаягаар нь ярьж, зөв нэршлээр нь байршлаа тодорхойлж сурах нь чухал. Ингэж гэмээ нь бид эзэн нь болж харагдах учиртай юм. Орон нутгаас шилжин суурьшигчдад мөн энэ талын үйл ажиллагааг зохион байгуулах ёстой.

Эс бөгөөс наад зах нь гадны хүн хаяг асуухад нутгаа мэдэхгүй байвал эх орон эзэнгүй харагдана, одоо ч ийм байгаа. Жуулчдад зориулсан хөтөч бүрт бидний хараад мэдэх ч нэрлэж чадахгүй өч төчнөөн гудамж, талбай бий. Тийм атлаа эх оронч гэсэн юм яриад хий хоосон цээжээ дэлдээд ч яахав. Тиймээс “юмандаа эзэн болох”-ын учрыг гүнээ ухамсарлан хотынхоо, цаашлаад эх орныхоо жинхэнэ эзэд нь болох цаг иржээ. Канад улс гэхэд тухайн хотынхоо дүрэм, ажлын байрны журам зэргийг таниулан сургах сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх жишээ байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ