Хууль хардаггүй кнопчид хүний амьдралыг шийдэх үү

Хүчирхийллийн дуулиан хүчээ авлаа. Бараг өдөр бүр хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд автсан, улмаар амиа алдсан гэх хүний санаанд багтамгүй ноцтой мэдээ хөвөрсөөр автын осол шиг дөжирч байтал өчигдөр ЦЕГ-аас хийсэн мэдээлэл нийгэмд дахин цочроо өглөө. Захиалгат аллагаар хөөрхий хүүг хороосон жигшүүрт хэргийн талаар дахин дахин дурсаад яахав. Аймшигт мэдээллүүдийг энд түүвэрлэхээс илүүтэй эрх дархтануудтай холбоотой зарим сонирхол татам дүр зургийг сонордуулах гэсэн юм.

Өнөөдөр энэ нийгэмд учирч буй зовлон бэрхшээл, гуниг гутрал өндөр сэнтийгээс тэр бүр харагддаггүй бололтой. Энэ бүгдээс хамгийн холуур өнгөрч, эсвэл чихнийхээ хажуугаар гулсуулж байгаа нь эрх мэдэлтэн, иргэдээр наадагчид. Үүнд бүгдийг нь туйлшруулан ойлговол өрөөсгөл болно гэдгийг анхаарна уу.

Өчигдөр нэгэн эрэн сурвалжлах нэвтрүүлэг үзэж суугаад гайхалтай зүйлийг сонсоод гэмт хэргийн мэдээлэлд цочирддогоосоо илүүтэй шоконд орох шиг болов. Учир юу гэвэл, тус нэвтрүүлгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хойш татах болсон талаар тайлбар, тодруулга авах гэж сэтгүүлч ордноор хэсэг гүйсэн боловч уг хуулийн төслийг уншиж судалсан төрийн түшээдийн эрэлд хатав. Эрэл ч амжилтгүй болжээ. Найман гишүүнээс хоёр нь л харсан бололтой.

Гэтэл энэ хуулийг хэрэгжих шатанд нь бусад хуулиудын хамтаар хойшлуулах тухай тогтоолыг дэмжиж олонх гишүүд кноп дарсан. Хуулийг хуулиар хүчингүй болгож, хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг өөрчлөх байдлаар үйлчлэлийг нь зогсоох, хойшлуулах боломжтой гэнэ. Харин тогтоолоор биш. Эрх баригчид хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа баталсан хуулиа соёрхоогүй хэмээн тайлбарласан. Гэхдээ доторхыг нь шагайж хараагүй байж буцаах кноп дараад сууж байдаг бусдаар толгойгоо мэдүүлэгчид энэ төрийн толгойд цөөнгүй гарсан нь нэг удаагийн нэвтрүүлгээр нэвт шувт харагдлаа.

Уг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг 12 жилийн дараа шинэчлэн батлагдлаа хэмээн мэдээлж байлаа. Энэ хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан гэж тайлбарлаж байв. Харин батлагдсан хуулиудыг соёрхоогүй гэдэг шалтгаар буцаах дээрээ тулсан ч эцэст нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авралын гараа сунгаж уг хуулийн төслийг дахин оруулж ирсэн юм. Ийнхүү ирэх долоо хоногт нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад амжиж багтав.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлснээр, 2016 оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 10 хүн нас барсан байна. Харин сүүлийн гурван жилд 26, 2010 оноос хойш нийт 95 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан гэх статистик судалгаа гарчээ.

Манай улсын хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалах, ялангуяа энд дурдаж буй сэдвийн хүрээнд асуудал бүр ч хүнд байгаа. Тухайлбал, ГССҮТ-д байрлах хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах төв тухайн хохирогчийг 72 цагийн турш л байрлуулж, хамгаалах боломжтой. Тэдэнд үүнээс ч илүү хамгаалалт хэрэгтэй.

Улс орноо төвхнүүлнэ гэдэг нь ард иргэд, айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг гэж ойлгож байна. Түүнээс айл гэрээ орхиод улс төр ярих үндэслэл хаа ч үгүй. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг. Хамгийн гол нь энд ямар ч гэм буруугүй хүүхэд хохирогч болж байгаа нь эмгэнэл. Энэ л бидний хойш тавилгүй шийдвэрлэх асуудлын нэг юм. Гэр бүлд зургийн өмнөх зул биш, амьдралыг нь гийгүүлэх гэрэл хэрэгтэй.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ