УИХ-ын гишүүдийн хамтран санаачилсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүдийн хамтран санаачилж, боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар өргөн мэдүүлээ.
Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмжтооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдожнийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлддэг. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигддөг аж.
Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна. Нөгөөтэйгүүр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байдаг аж. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгохболзол нөхцөлийг зохицуулсан байдаг.Гэсэн хэдий ч энэ зохицуулалт нь байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаардаггүй байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажилладаг байна. Энэ нь нийт ажиллагчдын 30 орчим хувийг эзэлдэг. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байгаа юм. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хотсуурин руу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ. Тиймээс малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн УИХ-ын гишүүдийн хамтран санаачилж, боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэгэдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь нийт ажиллагчдын 47,5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Энэ байдал үргэлжилвэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай юм байна. Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагыг харгалзан Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Тус хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх,нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөхэерэг нөлөөтэй хэмээн үзсэн байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой аж. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрөх боломжтой юм байна. Хуулийн төсөл батлагдсан нөхцөлд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ