Эцэг, эхчүүд ч суурь боловсролгүй болжээ

Монголчуудын 99 орчим хувь нь бичиг үсгийн боловсролтой. Энэ бол ердөө бичиг үсгийн тайлагдалт гэж байгаа. Харин ерөнхий болон суурь боловсролын түвшинг авч үзвэл нэлээд доогуур хувьтай гарч мэднэ. Учир нь сүүлийн үед эцэг эхийн хурал нэртэй хичээл ерөнхий боловсролын сургуулийн бага ангид нэлээд элбэг үзэгдэх болов. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн хурлаар тухайн ангийнхаа тулгамдсан асуудал, сурагчдын сурлага зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх биш багш нь сурагчдадаа заадаг хичээлээ ар гэрийнхэнд нь зааж өгдөг болж. Нэг талаараа энэ бол зөв. Хүүхэд гэртээ хариад даалгавараа хийхэд гэр бүлийнхний туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Харин нөгөө талаар томчууд бага ангийн буюу суурь боловсролгүй болсныг эндээс харж болно.
Тиймээс гэрийн даалгавар гэх хэцүү даалгаварыг тогтмол хийлгэхийн тулд эцэг эхчүүдэд хичээл ордог байна. Жишээлбэл, хоёрдугаар ангийн эцэг эхийн хурал зарлаж, очсонхүмүүст математик, монгол хэлний хичээл орсон тухай яриаг нэг биш нэлээд хэдэн удаа сонссон юм даг. Үндсэн асуудлаа ярилцах санал тавьсан ар гэрийнхэнд багш тухайн хичээлийг зайлшгүй заах шаардлагатай байгааг учирласан байдаг. Хичээл зааж цалин авдаг багш нарт эцэг эхчүүдэд хичээл заасных нь нэмэлт цагийн мөнгийг хэн өгөх вэ? гэсэн асуулт гарч ирж болно. Гэвч багш нар хэзээ ч ингэж гомдоллож байгаагүй аж.
Мөн хувийн компаниудад, ялангуяа барилгын компанид туслах зэрэг ажил хийдэг зарим иргэд тайлангаа бичихдээ урт ба хос эгшгийг огт хэрэглэдэггүй тохиолдол ч байна. Гайхалтай нь байгууллагын дарга нь тухайн ажилтныхаа бичгийг ойлгодог болсон байх жишээтэй. Яг үнэндээ багш, сэтгүүлч нараас эхлээд бүхий л салбарт наанадаж алдаагүй зөв бичдэг хүн тун ховор болсон. Энэ бол эмгэнэл.
Хүүхдүүдэд ч сургууль хүрэлцэхгүй байхад томчууд “цаашаа” гэсэн бодолтой, эсвэл дахиж боловсрох цаг зав байхгүй гэх нэгэн байж болох. Гэвч хойч үеийнхээ үлгэр дуурайлал болсон бид өөрсдөө ийм байдалтай байж болохгүй л болов уу. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх нь дан ганц багшийн үүрэг биш учраас энэ монголын ирээдүйн боловсролд бүх нийтээр анхаарах цаг болсныг дээрх жишээнүүдээс харж болно. Энэ асуудлыг хариуцсан салбарынхан одооноос анхаарч, ирээдүйн иргэдээ аварч үлдэх гарцыг эрэлхийлэх шаардлагатай байна. Үүнд хүн бүрийн хүчин чармайлт, сэтгэл зүтгэл хамааралтай гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ