Улсын яллагчийн ялын санал, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судаллаа

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд улсын яллагчийн оногдуулж буй ялын санал, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судалсан дүнгийн талаар

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудаас "Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд улсын яллагчийн оногдуулж буй ялын санал, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдал”-ыг УЕП-ын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэстэй хамтран 2016 оны эхний хагас жилийн байдлаар судлав.

Судалгааг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын прокуроруудаас шүүх хуралдаанд оролцож гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүхийн тогтоол, захирамж, магадлалыг уншиж танилцах, судалгаа, түүвэр, тэмдэглэл хийх, зарим хэргийг цахим бүртгэлтэй тулгах зэргээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд хийлээ.

Нэг. Судалгаагаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.Үүнд:

2016 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 4673 яллагдагчид холбогдох 3246 хэргийг яллагдагчаар татах тогтоол баталж буюу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 3420 шүүгдэгчид холбогдох 2580 хэрэг буюу 79.4 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Шүүхээршийдвэрлэгдсэн хэргийн шүүгдэгч нарыг насны байдлаар нь судалж үзэхэд14-18 насны хүн 2666 буюу 8 хувь, 18-45 насны 2790 буюу 81 хувь, 45-аас дээш насны 380 буюу 11 хувь байна. Үүнээс 3142 эрэгтэй,296 эмэгтэй шүүгдэгч байна. Боловсролын байдлаар нь авч үзвэл бага боловсролтой 187 буюу 5 хувь, дунд боловсролтой 2291 буюу 66 хувь, дээд боловсролтой 443 буюу 13 хувь, боловсролгүй шүүгдэгч 517 буюу 15 хувийг тус тус эзэлж байна.

Ажил эрхлэлтийн байдлаар авч үзвэл эрхэлсэн тодорхой ажилгүй шүүгдэгч 2613 буюу 76 хувь, ажил хөдөлмөр эрхэлдэг шүүгдэгч 729 буюу 21 хувь, сургуульд сурдаг нь 70 буюу 3 хувийг тус тус эзэлж байна.

Үүнээс үзэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй, дунд боловсролтой, 18-45 насны хүмүүс гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгэл хүлээсэн нь дийлэнх хувийг эзэлж байна.

Шүүхээр 4655 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцээд 3420 шүүгдэгчид ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн зүйл ангиар нь авч үзвэл 31 хувь буюу 1080 шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98, 99 дүгээр зүйлд заасан "Бусдын биед санаатай хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах” хэрэгт, 28.8 хувь буюу 952 шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” хэрэгт, 18.7 хувь буюу 641 шүүгдэгч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан "Танхайрах” гэмт хэрэгт тус тус ял шийтгэгдсэн байгаа нь нийт шүүгдэгчийн 78.1 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын хэмжээнд эдгээр 4 төрлийн хэрэг зонхилон гарч байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

Харин Нийслэлийн прокурорын газрын тухайд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсан 192 шүүгдэгчид холбогдох хэргээс 53 буюу 28 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба үүнээс 43 шүүгдэгч буюу 81 хувь нь хорих ялаар шийтгэгдснээс 41 хувь буюу 22 шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 36 хувь буюу 19 шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 19 хувь буюу 10 шүүгдэгчийг баривчлах ялаар, 2 шүүгдэгчийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэжээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзэхэд торгох ялаар 3 хувь буюу 115, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар 6 хувь буюу 219, эд хөрөнгө хураах ялаар 3 хувь буюу 111, албадан ажил хийлгэх ялаар5 хувь буюу 177, баривчлах ялаар 9 хувь буюу 328, хорих ялаар 68.6 хувь буюу 2346 шүүгдэгч тус тус ял шийтгэгдсэн байна.

Хорих ялаар шийтгэгдсэн 2346 шүүгдэгчийн 52.2 хувь буюу 1226 шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 5.6 хувь буюу 133 шүүгдэгчийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 42.2 хувь буюу 987 шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2 /хүнийг санаатай алах/, 94 дүгээр зүйлийн 94.1 /бусдыг болгоомжгүй алах/, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 /бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/ 98 дугаар зүйлийн 98.2 /бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4 /бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146 дугаар зүйлийн 146.2 /бусдын эд хөрөнгийг булаах/, 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 / бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 148 дугаар зүйлийн 148.2, 148.3, 148.4 / бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/, 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 /танхайрах/, 215 дугаар зүйлийн 215.2, 215.3 /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/ өөрөөр хэлбэл хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд ихэвчлэн хорих ял оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Эрүүгийн хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн146 дугаар зүйлийн 146.2, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн тохиолдолд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байна.

Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсхийсэн гэх үндэслэлээр дан ганц Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллаж, эрүүгийн ял шийтгэл хүлээлгэсэн 2 тохиолдол байна.Тухайлбал Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас О-д холбогдох эрүүгийн хэрэгт, Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяагаас М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцохдоо мөрдөн байцаалтанд шалгагдаж байсан хэрэг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэдий ч батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас зайлсхийсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллаж, шүүх 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна.

Эрүүгийн хуулийн 215 дугаар 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нарт шүүх ихэнхи тохиолдолд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байна. Харин Эрүүгийн хуулийн 215 дугаар 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн тохиолдол Дорнод аймагт 1, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр 2, Булган, Ховд аймгийн хэмжээнд тус бүр 3 удаа гарчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 621.1, 69 дүгээр зүйлд зааснаар ял хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах талаар улсын яллагч санал хэлсэн тохиолдол улсын хэмжээнд гараагүй бөгөөд Завхан аймгийн хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 621 .1, 69 дүгээр зүйлд зааснаар ял хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 4 тохиолдол гарсан нь хамгийн их байна.

Судалгаанаас үзэхэд улсын яллагч нараас хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хуулинд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байгаа боловч шүүх ихэнхи тохиолдолд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэдэг, түүнчлэн Эрүүгийн хуулийн 91, 96, 147, 181 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалтай зүйл, хэсгийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах байдал улсын хэмжээний шүүхийн практикт нийтлэг болсон байна.

-Шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 987 этгээдийн 72.5 хувь буюу 716 шүүгдэгчийг жирийн дэглэмтэй хорих ангид, 26.4 хувь буюу 261 шүүгдэгчийг чанга дэглэмтэй хорих ангид, 0.7 хувь буюу 7 шүүгдэгчийг онцгой дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилд 115 шүүгдэгчийн 68 буюу 57 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, /бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах/, 110 дугаар зүйлийн 110.1, /доромжлох/ 117 дугаар зүйлийн 117.1, /хүүхэд хаях, төөрүүлэх/, 145 дугаар зүйлийн 145.1,/бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 151 дүгээр зүйлийн 151.1, /алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших/, 215 дугаар зүйлийн 215.1/тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/ заасан гэмт хэргийг үйлдэж торгох ялаар шийтгэгдсэн байна.

-Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 117 шүүгдэгчийн101 буюу 87.8 хувьнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл, /бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 99 дүгээр зүйлийн 99.2 /бүлэглэж бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 145 дугаар зүйл/бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 175 дугаар зүйлд /эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх/ заасан хэргийг үйлдсэн байна.

-Баривчлах ялаар шийтгэгдсэн 328 ялтнаас 70 хувь буюу 230 ньЭрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл/бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 99 дүгээр зүйл /бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах/,Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/, 148 дугаар зүйлд /бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/ заасан хэргийг үйлдсэн байна.

-Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулахаар санал гаргадаг боловч саналаас зөрүүтэй ял шийтгэл оногдуулсан байхад анхаарч үзээгүй байна. Тухайлбал Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр улсын ялсын яллагчаар оролцсон шүүгдэгч А-д холбогдох эрүүгийн хэрэгт ...бусдыг алахыг завдсан А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хорих ял оногдуулахаар ялын санал гаргасан ба шүүх эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий ангийн дээрхи заалтыг журамлан 2 жилийн хорих ял оногдуулж, жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар улсын яллагчийн дүгнэлтэнд тусгагджээ. Уг дүгнэлтийг Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолтой харьцуулж үзэхэд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял оногдуулсан нь Улсын яллагчийн дүгнэлтэнд тусгагдсан саналаас зөрүүтэй байгаа бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн байхад улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичээгүй байна.

-Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт "...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана..” гэж заасан эрүүгийн хуулийн тодорхой заалт байхад улсын яллагч нар энэ талаар ялын санал хэлэхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

Судалгаанаас үзэхэд цөөн аймгийн прокурорын газруудад "Бусдын эд хөрөнгө хулгайлах”, "Ойн хууль тогтоомж зөрчих” гэмт хэргүүдэд ихэвчлэн тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, морь, бусад эд зүйлийг улсын орлого болгож шийдвэрлэх талаар улсын яллагч санал гаргасан байна.

-Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд төрлийн хэргүүдийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ихэнхи тохиолдолд дээрх зүйл хэсгийг журамласан байна.

Улсын яллагчийн саналаас шүүх дээгүүр ял оногдуулсан эсэхийг судлахад 34 шүүгдэгчид шүүх дээгүүр ял оногдуулснаас Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын хэмжээнд 25, аймгийн прокурорын газрын хэмжээнд 9 тохиолдол гарсан байна.

Хоёр. Дүгнэлт, цаашид анхаарах асуудлын талаар

-Улсын яллагч нар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангаж оролцох, шүүх хуралдаанд бэлтгэлтэй оролцож байгаа эсэхийг ажил хариуцсан прокурорууд урьдчилан танилцаж заавар зөвлөгөө өгч байх,

-Улсын яллагчийн дүгнэлтийг "Прокурор шүүхэд төрийг төлөөлөх ажлын аргачилсан заавар”-ын 1.2.2, 1.2.3 дахь заалтын дагуу гаргаж хэвших,

-Дээд шатны прокурор, орлогч болон шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурорууд улсын яллагчийн дүгнэлттэй зааварт заасны дагуу танилцаж, илэрсэн алдаа зөрчлийг нэн даруй засуулж, дахин давтан гаргахгүй байхад хяналтын ажлыг чиглүүлэх,

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эд хөрөнгө хураах ялыг хэрэглэх эсэх талаар улсын яллагч заавал санал гаргадаг байх,

- Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах хуулийн заалтыг хэрэглэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, тодорхой санал гаргадаг байх,

- "Мөрдөн шалгах ажиллагаа” модулийн "ЭХШХ” цэсэнд бүртгэж буй өгөгдлүүд бүрэн, үнэн зөв бүртгэгдэхгүй байх тул Улсын Ерөнхий прокурорын 1/01 дугаартай албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж ажиллах;

-Эрүүгийн хуулийн 57, 58, 59, 60 дугаар зүйлүүдийг журамлаж ял шийтгэл оногдуулах талаар улсын яллагч заавал санал хэлэх бөгөөд шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй эсэхэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ