Өвлийн тэргүүн сарын улс төр

Эрдэнэтийн 49 хувь улс төрийн гол шуугианы сэдэв байх нэг номерийн байраа хадгалсаар байх төлөвтэй байна. Ц.Нямдорж гишүүний эрс мэдэгдлээр эхэлсэн Эрдэнэтийн дуулиан хууль зүйн байнгын хороогоор орсноор улам халлаа. Энэхүү хуралдаанаар экс ерөнхий сайд мөн хувьчлалын асуудалд оролцсон болоод байгаа ХХБ -ны дэд захирал Орхон нар уригдан “байцаагдав.” Байнгын хорооны гишүүд тухайн үеийн Эрдэнэтийн асуудлыг хэлэлцсэн засгийн газрын хурлын тэмдэглэлийг ил тод иш татан ярилцсан нь Эрдэнэтийн асуудалд дээр төвийг сахиж байсан олон иргэдийг талцуулах байдал ажиглагдлаа.

Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан нь хувьчлал бус худалдан авалт байсан байрь суурь дээр санал нэгтэй болж ирсэн ч стратегийн энэ обьектийн асуудлыг Их хуралд оруулж хэлэлцүүлээгүй гэдэг дээр хуучин засгийн томчууд нэлээн ороогдох нь тодорхой боллоо. Ерөнхий сайдын хувьд энэ асуудалд төвийг сархисан байр суурьтай байгаа бөгөөд Эрдэнэтийн асуудлыг нэг их улс төржүүлэхгүй байх байрь суурьтай байгаа.

Асуудал хэдийгээр ширүүн яригдаж байгаа ч ямарч байсан төр өөрийн мэдлийн 51 хувьд дээрх ТҮЗ-ийн гишүүдээ томилж одоо гүйцэтгэх захирлын асуудлыг хаалттай ярилцаж буй бололтой. Энэ хэл амтай хэрнээ ашиг буян ихтэй гэх захирлын суудалд Хотын менежер , ХХААЯ ны сайд зэрэг албыг хашиж байсан Бадамжунайн нэр дуулдаж эхэллээ.

Цааш үйл явдал энэ эрчээрээ явж Их хурлын онцгой анхрааралд яригдсаар төр дайраад 49 хувиа авлаа ч асуудал улам ундрах төлөвтэй. Нэгэнт хүчин төгөлдөр болсон хувь шилжүүлэх гэрээнд нэг хатуу заалт байгаа. Ростек-ээс хувьчилж авсан тал өөрийн мэдлийн 49 хувийг тодорхой хугацаанд гуравдагч талд шилжүүлэх эрхгүй ба шилжүүлсэн тохиолдолд Оросын талд 100-д сая долларын төлөөс төлөх заалт байгаа нь хэлэлцүүлгийн үед ил болсон. Энэ нь Эрдэнэтийг 49 хувийг ухраахаар зүтгэж байгаа талд том тээг болох магад байна. Шинэ захирлыг нь томилохын өмнөх бие халаалт болгоод байгаа Эрдэнэтийн 49 хувь тойрсон дээрх маргаан хэрхэн эцэслэгдэж, аль талдаа гарах нь энэ өвлийн улс төрийн эхний хүлээлт боллоо.

Дараагийн хүлээлт бол 2017 төсвийн төслийн хэлцүүлэг. Төсвөө батлахад Их хуралд үндсэндээ 14 хоног үлдсэн. Олон нийтийн зүгээс хэмнэлтийн төсөв баталж байна гээд юуг минь хасаж таначих бол гэж хардсаар байгаа бол Дэлхийн санхүүгийн шижээчид, ОУВС -гийн зүгээс Монголчууд хямралаас сургамж авсан төсөв батлах нь уу, төсвийн сахилга бат мөрдөгдөх найдвар байна уу гэж манай эрх баригчдыг ажиглаж байна.

Удаах хүлээлт бол их мөнгө, зээлийн сураг. Мөн хэвлэл мэдээлэл сошиал орчинд суурийг нь сайн тавиад байгаа гаднын банк орж ирэх лобби хэрхэн явагдах хүлээлт. Харин нийгэмд өөдлөнө дэвжинэ гэсэн хүлээлтийн хөрс хараахан бүрдээгүй л байна. 100 хоногийн дотор цалин тэтгэлэг нэмэгдэх бус хасагдахгүй байхад баярлах сэтгэл зүйд биднийг сайн дасгаж чадсан улс төрчдөөс шинэ жил хүртэл ямар чухал шийдлүүд гарч, улсаа хэрхэн удирдахыг олон нийт харж байна. Итгэлийг нь бөхөлж ИТХ-ыг ч гарт нь өгсөн сонголтын хариуд эрх баригч МАН юу барихыг он гартал харцгаая.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ