Нүүрсний үнэ халсаар, иргэд даарсаар байх уу?

Зудаараа цуутай бичин жилийн өвөл хаяанд ирж зугуухан хаалгаар орж ирж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан талаар төр мэдээлж байгаа. Гэвч нийслэлийн 70 гаруй хувийг эзэлдэг гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх хэсэг нь өвлийг яаж өнтэйхэн давах вэ, яавал даарахгүй дулаахан амьдрах вэ гэж толгой сэгсрэн, “гашилж” сууна. Үнийн өсөлтийг гүйцэлгүй өвдөг шороодохгүйн тулд дэгээдэж унагах тактик яг одоо хэрэгтэй байна. Бид хагас жил гаруй хугацаанд мод, түүхий нүүрс түлж хүйтний улирлыг давдаг. Өрхийн зардалд энэ нь асар том дарамт болдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс ч энэ асуудлыг хөнгөвчлөх зорилгоор “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн нь олны талархлыг хүртсэн оновчтой шидсэн дэгээ байсан нь үнэн. Тэр үед 40 кг-аар савласан шуудай нүүрсний үнэ 3200 төгрөг, тонн нь 80 мянган төгрөг байв. Утаа тортог ихтэй гэгддэг ч хамгийн эрэлттэй нь байсан юм даг. Харамсалтай нь энэ ажлыг санаачлан хэрэгжүүлэгчид нь буруутан болсон, засагтай нь хамт энэ ажлыг ч арчсан. Тухайн үед “жижигхэн” шуудайтай налайхын нүүрс 3500-4000 төгрөг, портер нь 220 мянгаас 250 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Тэгвэл жилийн өмнөөс ярьж эхэлсэн цуутай зуд хаяанд ирсэн энэ цаг мөчид түлээ, нүүрсний үнэ тэнгэрт хадах шатаа босгоод эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө 2500 байсан нүүрс, 3000 төгрөг байсан түлээ мянга, мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Мөн портер нүүрс 140-180 мянган төгрөг байсан бол 250 мянгаас 300 мянган төгрөг болж өсөөд буй. Уут, савны хэмжээг нуршаад ч яахав. Ийн нэмэгдсэний учрыг ченжүүд уурхайн амууд хаагдаж, цөөхөн ам үлдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Мөн түлээний мод нүдний гэм болж буй талаар хэлснийг энэ дашрамд дуулгая. Цаашид ч үнэ нэмэгдэнэ гэнэ. Уурхайгаас авах үнэ, ачуулах үнэ гэх мэтээр хотод борлуулалтанд иртлээ хэд хэдэн дамжлагын зардал, мөн жолоочийн урсгал болон бусад зардал зэргийг нэмсэн үнэ дээр ашгийн нэмэгдэлтэйгээр зах дээр борлуулагдана. Цаашлаад жижиглэнгээр борлуулахад мөн л шуудай зэргийг нэмээд, бас дам үнэ орно. Ингээд зовлон тоочвол хаа хаанаа барагдахгүй. Асуудлын гол нь ченжүүдэд байна уу, амууд нь хаагдсан уурхайд нь байна уу, аль эсвэл цаагуур нь өөр хүчин зүйл нөлөөлж байна уу гэдгийг ажлын хэсэг байгуулаад ч болтугай судалж, цэгцлэх цаг хэдийнэ болсон. Эс бөгөөс аливаа нийгмийн хүнд бэрх үеийг далимдуулж амандаа багтсан үнэ хэлдэг хэсэг бүлгийн хохирогч нь гагцхүү худалдан авагч энгийн иргэд болдог жишиг тогтоод байна. Энэ удаад өвлийг гал алдалгүй яаж өнтэй давах вэ гэдэг л хариултгүй оньсого болох гээд байх шиг.

Ийнхүү энэ өвлийн жаварт эдийн засгийн хямрал ташуур нэмэх нь тодорхой боллоо. Бид даарч байна. Харин нүүрсний үнэ өдрөөс өдөрт халж байна. Ид хүйтэн, их хямралыг хэрхэн давах гарцыг яг одооноос эрэлхийлж, яаравчлан арга хэмжээ авахыг би дангаар бус бүх нийтээрээ хүсч байна. Гэхдээ хэзээ, ямар дэгээ тавихаа зөв тодорхойлох нь хамгийн чухал. Төр өвөлд бэлэн гэж байгаа ч түмэн олон чинь түлээний мод ч үгүй болох нь ээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг юутай үнэн.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ