Засаг валидол хэрэглэж эхэлсэн үү

Moody's Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг ангилалаар доошлуулж Caa1 болгосон байна. Үндэслэл нь их энгийн, бидний сайн мэдэж байгаа л зүйл.

1. Засгийн Газар ирэх 2 жилд өрөө төлөх чадвар нь тодорхойгүй байдалтай,
2. Төсвийн алдагдал хүлээж байснаас илүү урт хугацаанд өндөр байхаар байна гэжээ.

Энэ нь саяхан УИХ-аас дуу нэгтэй баталсан анхны төсөвт өгсөн гадаадын санхүүгийн байгууллагуудын үнэлгээ гэж болно.

Харин манай банк санхүүгийн байгууллага, тэр дундаа засгийн газар энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байгаа. Энэхүү мэдэгдлээс харахад Засгийн газар бүх боломжоо ашиглаж өөрийгөө өмөөрсөн харагдана.

... Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дурдаад /үнэндээ энэ арга хэмжээ нь эхлээгүй байгаа/ ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байгааг онцолжээ.

Мөн УИХ-аар хэлэлцүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрөөр богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн болохыг дурджээ. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан байгаа гэлээ.

Хямралыг сөрөхөөр бодлогоо дөнгөж гаргаж буй сургаар нь зээлжих зэрэглэлийг бууруулсан Moody's байгууллагын шийдвэрийг бид энд зөв, буруу гэх нь өрөөсгөл юм. Гэхдээ санхүүгийн шинжээч байгууллага ямар ч байсан манай улсад төсвийн сахилга бат ойрын жилд тогтохгүй гэдэг дээр үндэслэн энэхүү дүгнэлтээ гаргасан байгаа юм. Нөгөө талдаа он гарангуут төлж эхлэх ёстой Чингис бондын их өрийг хоёр жилдээ төлж барахааргүй гэдгийг мөн тооцсон байгаа.

Харин энэ шийдвэр дээр тун их цочоотой байж яаран хариу мэдэгдэл барьсан манай улсын Засгийн газар, Монгол банкны мэдэгдэл нь Moody's гэхээсээ илүүтэй олон нийтэд хандсан буюу биеэ өмөөрсөн хамгаалалтын шинжтэй, саяхан баталсан төсвөө хамгаалсан гэж болохоор.

2017 оны төсвийг харахад орлого талдаа нэмэх тоогоо өндөр л авсан харагддаг.

Сангийн сайдын мэдээлснээр улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцсон байгаа. Мөн Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс татах татаасыг мөн нэмэгдүүлж авсан байгаа. Өмч хувчьлалаас 50,000.0 сая төгрөгөөр төсвийн орлогыг зузаална гэсэн байгаа. Харин зарлага талдаа төсвийн урсгал зардлыг 27,762.0 сая төгрөгөөр бууруулсан гэж мэдээлсэн. Энэ бүхнийхээ эцэст Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь болохоор тооцсон байдаг.

Гэвч өр дарах эх үүсвэрээ дахин зээл авах гэж зарлаж буй манай улсын засгийн газрын төсөв мөнгөний бодлогод салхи ороогүй гэж дэлхийн санхүүгийн шинжээчид дүгнэж байна.

Манай зээлжих зэрэглэлийг буулгалаа. Энэ гэхдээ юу ч биш. Зуны халуунд Сангийн сайдын зарласан Монголын эдийн засгийн “айдсаас” хол дүрвэсэн хөрөнгө оруулагчид мөд наашлах шинжгүй байна. Их хурлын сонгуулийн дараахан сүр дуулиантай зарласан төсвийн хүндрэл, цалин мөнгөө арай гэж тавьж буй бэрхшээл нимгэрээ ч үгүй байгаа. Зүгээр л зоригтой байсан Ж.Эрдэнэбатын танхим намын бүлэгтээ сайн чимхүүлээд, анхны үнэнээс холдож биднийгээ “валидолдох “ аргандаа л шилжсэн байна.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ