Бидний хөгжил хаана гацав

Бидний хагарал хэзээнээс эхлэв ээ гээд ярьвал төвөгтэй. Учир нь “сайхан байж дээ” гэж санагалзах соц нийгэмд ч мөн ил, далд хуваагдлууд байсаар л ирсэн. Ингэхээр нийгэм оршиж байгаа бол талцал байх нь тодорхой болж таарч байх шиг. Тэгвэл урьд нь яагаад харьцангуй нам жим байсан талцалэрчимтэй яригдах болов оо. Хамгийн сүүлийн үеийн эсрэг, тэсрэгийн дүр зургийг харъя.
МАН, АН гэсэн хоёр том бүлэг улс төрд ноёрхож, иргэдийн сонголт ерөнхийдөө энэ хоёр дээр тогтдог болсон. Аль нь ч гарсан бай “хийсэн бүтээсэн юмгүй хий хоосон амлалтаар хугацаа хожиж, зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилладаг, бусдыг ашигладаг” гэж шүүмжлэгсдийн эсрэг өмгөөлөгчдийн тал байнга оршин байна. Нам дотроо ч талцах байдал одоо бүр ил цагаандаа гарсан. Энэ тухай олон жишээ та бидний нүдэн дээр өрнөж байна. Жишээ нь, аль аль намынх нь гишүүд албан тушаал, суудлын төлөөх өрсөлдөөнд биесээ гүтгэх, чичлэх, илчлэх явдал нэлээд гаарах шинжтэй болоод байгаа. Үзэгчийн суудлаас бол сонирхолтой үзэгдэл гээд өнгөрч болох ч миний, таны, бидний амьдралд нөлөөтэй гээд бодохоор таатай санагдахгүй нь лав. Зарим нь бүр өөрийн нэгнийхээ үнэн дүр зургийг илчилвэл өрөөлийн намынхантай сүлбэлдүүлж ярих, муу үгээр мушгин унагах замаар тэмцэлдэж байгаа нь нийгэмд хүртэл нөлөөлснөөр ард иргэд хүртэл хоёр талцаж, зөв бурууг хэлцэж, хэрэлдэж суух.
Төрийн асуудлаас түр хазайгаад нийгмийн амьдралыг шагайвал, бас л голын хоёр эрэг шиг ард түмэн. Хамгийн сүүлийн жишээгээр авч үзвэл, цас цэвэрлэх ажилд хүүхдийг оролцуулж болно, болохгүй гэсэн талцал үргэлжилж байна. Мэдээж сайд хүн хотын даргаас дээгүүр эрх мэдэлтэн тул болохгүй гэдэг лүндэн буулгаад, амьдралын босгоо давж орох гэж яваа шинэ үеийнхнээ өмөөрч эрхлүүлсэн. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид нь хуучны үеэ дурсан тайлбарлаж, харин дэмжигчид нь шинэ цаг үе өөр болсон гэж учирлана.
Энэ жилийн хувьд бас нэг асуудал болсон зүйл бол мэдээж малчдын өвөлжилтийн байдал. Энэ бас л иргэдийн талцах шалтгаан болж буй. Мал хуйгаа цас зуданд алдах эрсдэл өмнөх жилүүдээс илүү өндөр бий. Тиймээс энэ сараас малчиддаа туслах аян хэдийнэ өрнөөд эхэлсэн. Тэгвэл малчдад тусаллаа гээд махаар тусалж байсан, ядаж үнээ буулгаж байсан удаа байдаггүй гэж гоморхох хэсэг бүлэг хүмүүс ч байна. Бид хүн амаасаа 20 орчим дахин олон малтай атлаа мах нь хэтэрхий үнэтэй гэж бухимдана. Харин бидний хүнсийг бэлдэж буй, нүүдэлчин ахуйгаа залгамжлан авч яваа малчин арддаа тусалж, дэмжих нь зүй ёсны хэрэг гэж үзэх нь ч байна.
Цаашлаад Оюутолгой, Тавантолгойн талцлыг дурдвал их зүйл тоочих болно. Сар шинээ ч нэг өдөр товлож чадахаа байсан. Энэ жилийн цагаан сарыг нэг хэсэг нь нэгдүгээр сард, нөгөө хэсэг нь хоёрдугаар сард тохионо гэж товложээ. Тайлбарыг мөн л өөр өөрсдийнхөөрөө өгч, үүнийг нь дагаад бас ард түмэн хуваагдах болж байна.
Худалдаачид барааныхаа үнийг нэмж, амьдрахын эрхэнд гэж тайлбар өгнө. Тэгвэл худалдан авагчид нь бид амьдрах гээгүй юм уу гэж бухимдана. Ер нь бидний урагшлахаар сонгосон зам бүхэн салаатай. Харин дээр дурдсанчлан аль нэг талдаа шийдэлд хүрч чадахгүй бужигналдаад байвал тэндээ л гацна. Яг л авто замын түгжрэл шиг. Энд л асуудлын гол оршиж, талцал хуваагдлын тухай олонтаа дурдагдах шалтгаан буй бололтой. Уг нь бид улс улсаас цугларсан цагаачдын орон биш. Нэг л газар шороон дээр хөл тэнцэн алхаж, хүн болсон монголын үр сад. Бид олон ургальч үзэлд толгой эргэж, төөрч будилж яваа бололтой. Бид хэзээ төлөвшиж, гацаанаас гарч сурах вэ? Ингэхийн тулд төр нь ард иргэддээ төлөвшилд, хүлээцтэй байдалд үлгэрлэх ёстой. Тэр цагт л урагш хөтлөх зам тодорч, хөгжлийн гарц тодорхойлогдох биз ээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ