Загас өгөх бус барих аргыг балчраас нь зааж өгөөч

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 03-ны өдөр тохиов. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний "хүн" хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд манай улсад төдийгүй дэлхий дахинаа олон ажлыг өрнүүлж байна л гэнэ. Саад бэрхшээлтэй, тулгамдсан олон асуудал хэлэлцдэг л байх. Сайн сайхан амлалтууд ч олон гардаг биз. Харин амьдралд хэрэгжиж байгаа нь хэр олон бол?

Хуульд тодорхойлсноор бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй"гэж ойлгох юм.

Тэгвэл тэдэнд зориулагдсан 1995 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт, шинэчлэлт оруулсан ч бодит байдал дээр нийгмийн энэ хэсгийнхний асуудалд дорвитой үр дүн харагдахгүй байгаа юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал бүр ч эмзэг сэдэв болжээ. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Тэгвэл нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бид хэр анхаарлаа хандуулж байгааг ердөө цор ганц жишээнээс харахад л тодорхой болно. Энэ бол боловсролын өнөөгийн байдал.

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 30 мянга орчим хүүхэд байдаг аж. Гэтэл тэдэнд тусгайлан зориулсан цэцэрлэг ганц, хоёр л бий. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, мэргэжил эзэмших эрх бүрэн нээлттэй хэдий ч сурах орчин нөхцөл хангалтгүйгээс болж, сургууль завсардах, нийгмээс тусгаарлагдмал нэгэн болох хандлага нэмэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага боловсролд 60 хувьтай хамрагддаг ч суурь боловсрол 14, дээд боловсролд хамрагдах байдал 4 хувьтай байсан гэх 2014 оны судалгаа байна.

Тэдний сурч боловсрох орчин нөхцлийг нь хүүхэд бүрийн онцлогт тохирсноор хангах үүргийг Монгол улсын засгийн газар хүлээдэг. Монгол улс 1973 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулиудыг байгуулж, боловсон хүчнүүдийг гадаадын улс орнуудад сургасаар иржээ. Харин 1993 оноос хойш МУБИС энэ чиглэлээр яг дагнасан мэргэжилтгүүдийг бэлтгээгүй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүйн хичээлүүдийг кредит цагаар тооцон орж ирсэн аж. Дагнасан мэргэжлээр төгсгөлөө ч өнөөдөр ажлын байрны асуудал гарч ирнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тархины саажилт, дауны синдромтой үрсэд зориулсан цор ганц байсан цэцэрлэг бий. Тэр бол Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор. Гэтэл ганц байгаагийнхаа байрыг шинэчилнэ гээд гурав гаруй жил болжээ. Тэд энэ хугацаанд “Өнөр бүл” асрамжийн 24 цагийн 58-р цэцэрлэгийн гурван өрөөнд 100 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулах болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх цэцэрлэг, сургалтын байгууллагын журам зөрчигдөж байна. Шинээр хүүхэд авах ямар ч боломжгүй. Гэхдээ энэ бол сувиллын багш, ажилчдын буруу биш, байрыг нь шийдэж өгдөггүй төр засгийн хариуцлагагүйн нэг тод жишээ. Өрөө зайгаа хуваалцаж буй “Өнөр бүл” төвийн өнөөдрийн бодит байдал ч бас сайнгүй, өөрсдөө ч байрны хувьд хүндхэн асуудалтай, тархан суурьшиж байгаа байгууллага. Нийгмийн ийм л эмзэг бүлэг болсон хүүхдүүдэд тавих анхаарал халамж, өдрөөс өдөрт суларч байгаа энэ мэт дүр зураг монгол улсын үндсэн хуулийг төр өөрөө зөрчиж байгааг илтгэж байгаа юм. Тэдэнд нийгмийн халамжийн сангаас тодорхой хэмжээний мөнгө олгож байгаа гэж дуугарах хүн гарч мэднэ. Энэ бол цөөхөн хэдхэн төгрөгөөр хөгжлийг нь хязгаарлаж, ам таглаж байгаа, хэлбэр төдий аргацаасан зүйл гээд хэлчихвэл хол зөрөхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, хөгжүүлэх бус гэрийн хорионд байлгаснаас өөрцгүй хэрэг. Ийм байдал аль ч засгийн үед өөдлөхгүй үргэлжилж байгааг хэлэх хүн олон.

Нэгэн түүх өгүүлье. “Sony” корпорацийг үндэслэгч Масару Ибукагийн хүү нь оюуны хомсдолтой төржээ. Тэрээр өөрийн хүүгээ бусад хүүхдийн адил цоо эрүүл болгохын тулд маш их зүтгэж байхдаа оюун ухааны хомсдолтой хүүхдийг хүртэл бага насанд сургаж, хэвийн хэмжээнд хүргэх боломжтой гэдгийг нээсэн аж. Гэвч энэхүү нээлт хэтэрхий оройтсон гэдгийг сүүлд мэдсэн байна. Оюуны хомсдолтой хүүхдийг торнисон хойно нь бус харин нялх нярай цагт нь тусгай сургалтаар сургавал эрүүл болох боломжтойг мэдэж, улмаар хүүхдийг сургах агуулгыг бус харин аргыг өөрчлөх цаг болсныг Япон улс төдийгүй дэлхий дахинд тунхагласан байдаг.

Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нялх багаас нь хөгжүүлэх нь хамгийн чухал үр нөлөөтэй гэдгийг энд хөндөн өгүүлэхийг хичээлээ. Хөгжлийн бэрхшээлтэй гээд үл тоомсорлож, тусгаарлаж, тэдэнд барьсан загас өгөхийн оронд загас барих арга замыг нь зааж өгөх шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэрхшээлийг анхлан тогтоосон тэр өдрөөс тухайн насны хөгжилд тохирсон үйлчилгээг цаг алдахгүй өдөр бүр давтамжтай тогтмол үзүүлэх нь ирээдүйн хөгжил, нийгмийн оролцоонд нь асар чухал үүрэгтэй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ