Тэдний мөрөөдөл биелсэн үү…

2002 онд зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний Сахилгын Зөвлөлгөөний үеэр “Шинэ үе, шинэ сонголт” гэсэн нэртэй шилдэг, залуу офицер, ахлагч нарын ярилцлага, хөрөг бүхий номыг "Соёмбо" сонины редакциас эрхлэн гаргажээ. Энэ номын өмнөтгөл үгэнд “Зэвсэгт хүчний Сахилгын зөвлөлгөөнд нийгмийн байгуулал, үзэл баримтлалын хоёр өөр орчинд ажиллаж сурч боловсорч, өсөж хүмүүжсэн хүмүүс төлөөлөгчөөр сонгогдсон онцлогтойгоос гадна цэргийн шинэчлэлийн ид өрнөлийн үед ажил амьдралын гараагаа эхэлсэн залуу үеийнхэн олноороо сонгогдон оролцож байна. Хийсэн бүтээл, ололт амжилттай, басхүү улс эх орноо гэсэн чин эрмэлзэлтэй шилдэг залуус оролцож буйгаараа энэ зөвлөлгөөнийг Зэвсэгт хүчний тэргүүний офицер, ахлагч нарын зөвлөлгөөн ч гэж нэрлэж болох байна. Бид залуу офицер, ахлагч нарын үзэл бодол, хүсэл тэмүүлэл, сэтгэлийн үгийг товчхон боловч тусгах зорилгоор энэ номыг бүтээсэн бөгөөд эрхэм уншигч Таны мэргэн оюунд залуу үеийн дуу хоолойг хүргэж буйдаа баяртай байна.” гэжээ.

Энэ номонд багтсан залуусын төлөөлөл хоёр залуу офицерын тухайн үеийн ярилцлага, нийтлэлийг уншигч танд хүргэе. Тэдний 14 жилийн өмнөх зорилго, хүсэл мөрөөдөл…

Одоогийн танилцуулгаар бол ЗХЖШ-ын АУГ-ын ЭДАХ-ийн дарга, хурандаа Ж.Молорболд, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар нар.

ШАТРЫН НҮҮДЭЛ
(Тэмдэглэл)
Ид зуны хөв хөх тэнгэр Мандалын бургасан дээгүүр цэлийж, Цэнхэрийн голын эх өөд тэртээ дээгүүр ганц бүгээн морьтон айсуй мэт бяцхан саарал үүл хөвөх нь өвөөтэй нь хэн нэгэн шатар тоглох гэж бөг бөг шогшин ирж явах мэт бяцхан хүүд санагдана. Хүн ирэх бүрийд өвөөгийнх нь нар гарч модон сийлбэртэй эрээн хөлөг бүхий шатраа гарган өрөх зуураа хол юманд явах гэж буй мэт гэр орныхондоо товч “үүрэг” өгнө. Хаа хол гуч, дөчин километрт орших сумын төвөөс хүртэл өвөөтэй нь шатар тоглох гэж хүмүүс ирэх бөгөөд шатрын хөлөг ширтэн бодлогошрох загийн үндэс мэт хөх эрсийн дэргэд суугаад “Өвөө морио хаана тавих бол” хэмээн харуулдах дуртай асан. Одоо санахуй өвөөгийн шатрын морины нүүдэл өмнөх амьдрал, үр хойчоо хэрхэн авч явах өнийн их амьдралын ухаан байсан мэт. Молорболд ийн бодно. Чухамдаа түүний амьдралын хором бүр үнэтэй, шатрын нүүдэл мэт утга учир бүхий ажээ.

1975 онд Улаанбаатар хотод төрж, 1993 онд нийслэлийн 93 дугаар дунд сургууль, 1997 онд ЦИС-ийг Холбооны ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн тэрбээр залуу хүн гэхэд чамгүй ихийг бүтээж чадал, ухаан, эрдэм, авьяас зааж амьдардаг орчлонд зайгаа эзэлж, байраа олж яваа нэгэн. 1998 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн холбооны зангилгааны даргаар ажиллаж байхдаа зангилгааны тасралтгүй ажиллагааг ханган биелүүлсний учир хэмээгдэж артиллерчдийн баярын бичгээр шагнуулсан нь түүний хамгийн анхны шагнал байлаа. Тэр бяцхан улаан баярын бичиг түүнийг хөдөлмөрийн их харгуйд даллан дуудсан гарааны улаан дарцаг байсан. Жамбалын Молорболд 1997-1998 онд 120 дугаар ангид зангилгааны дарга, 1998-2001 онд 189 дүгээр ангийн ЦУАТ-ийн инженер, 2001-2002 онд Зэвсэгт хүчний тооцоолох төвийн цэргийн мэдээллийн мэргэжилтэн, 2002 оны Ү сараас Зэвсэгт хүчний программ хангамжийн төвийн цэргийн мэдээллийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөлгөө. Тэр 189 дүгээр ангид томилогдон ирээд БХЯ-ны компьютерийн дотоод сүлжээг байгуулан төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийжээ. Мөн ЗХЖШ-ын дотоод сүлжээг хийж тухайн жил хэрэгжиж асан “Сүлжээ” төслийг хэрэгжүүлсний дээр 2001 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон ЗХЖШ-ын интернэтийн төвийг гардан хийсэн нь 2001 оны Зэвсэгт хүчний бүтээлч ажлаар шалгарчээ. 1999 онд Зэвсэгт хүчний пежерийн сүлжээний төслийн гүйцэтгэгчээр ажилласан, 1999-2000 оны 189 дүгээр ангийн хөдөлмөрийн аварга офицер болсон Зэвсэгт хүчний хэмжээнд шинэ мэдээллийн технологийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж 1999 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” медаль хүртсэн хийгээд амжилт үйлс арвин залуусын нэг. Багаасаа мод, чулуу, төмөр, элдвээр оролдож, эвдэрсэн цахилгаан хэрэгсэл засах гэж “үйлээ үзэх” хоббитой байсан түүний хүслийг Ү дугаар ангид байхад нь аав ээжийнх нь авч өгсөн унадаг дугуй чамгүй өдөөсөн. Наймдугаар анги төгстлөө унасан тэр дугуй насны нь үйлсэд дөрөөлүүлж өгсөн ачтан. Анх техник сонирхож байсан тэр холбоо электроник сонирхох болж дунд сургуульд байхдаа энэ чиглэлийн бүх дугуйлан секцийг гүйцээсэн гэхэд үл хилсдэнэ. 10 дугаар анги хамт төгссөн найз нь ЦИС-ийн холбооны инженерийн ангид шалгалт өгье гэж санал тавьснаар түүний цэрэг амьдралын зам эхэлжээ. Түүний бага нас, хөдөөгийн эгэл бор амьдрал дунд өнгөрсөн. Аав Д.Жамбал нь Архангай аймаг, Түвшрүүлэхийн САА-д малын их эмч асан, мөн л өвөө шиг нь шатрын их хорхойтон. Ээж Ш.Наранхүү нягтлан бодогч мэргэжилтэй, энэрэл хайр дүүрэн нэгэн. Харин таван хүүхдийнх нь ахмад хөвгүүн тэднийхээ мэргэжлийн алийг нь ч өвлөсөнгүй “өөрийн дураар зүтгэсэн” нь өнөөх өвөөгийнх нь шатрын морины шийдмэг нүүдэл мэт байсан. Гэвч амьдралд хөлөө олж хүний орчлонд нэр бүтэн яваа нь хожил хоёр тийшээ болсных гэлтэй. “Хүн хүссэнээрээ явж, санасандаа хүрэх сайхан. Хүсэлд хязгаар гэж үгүй, хийх юм их байна” гэж тэр ярьсан. Хүнд чадахгүй гэж хэлж чаддаггүй, амласнаа биелүүлэх гэж өөртөө “зовлон” хурааж, хувийн хэргээ умартан “хувьсгал”-ын үйлсэд сэтгэл тавьж явдаг нь түүний гэм бус зан.

Иймдээ ч тэр эр цэрэг болсноороо бахархаж, элэг, хэвлийгээс нь төрж элэг хэвлийд нь шингэдэг эх сайхан дэлхийнхээ шинэ зууны үйлсэд гар бие оролцох гэж сэтгэл шулуудсан залуусын эгнээнд алхаж яваа … Тэр хуримаа ч хийж амжаагүй.

С.Зоригтбаатар

АРВАН ЖИЛИЙН ДАРАА ЮУ …?
ИНЭЭМСЭГЛЭЛ

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн I мотобуудлагын ротын захирагч, ахмад С.Болдбаатар.

-Унаган нутаг …?

-Хонгор нутгийн хүү. Төвийн арван жил төгссөн юм.

-Танайд цэргийн удам бий юу?

-Ёстой байхгүй. Өвөө маань Халхын голд дайтаж явсан. Эх орны өмнө хүлээсэн эр хүний үүрэг ёсоор шүү дээ.

-Чи яагаад цэрэгт сэтгэл алдарчихав?

-Арав төгсөхөд элсэх сургууль арай өөр байсан. Санасан хуваарь ирээгүй. Эрчүүдийн чадалтай, шөрмөстэй нь л ордог гээд байхаар нь шалгуулчихсан чинь “эр хурга” тэнцчихдэг байгаа.

-Ямар сэтгэгдэл төрөв дөө?

-Үнэхээр сайхан. Эр хүн гэдгээ мэдэрч байгаа юм чинь. Зэвсэгт хүчин ямар сүрлэг, улс орны хийморь жавхаа гэж юу байдгийг тангараг өргөхдөө нулимстай мэдэрч зогслоо шүү дээ.

-Нэгэнт л шуударсан юм хувь заяагаа цэрэгтэй холбоод авч …?

-Тэгсээн, арваад жилийг үдэж байна. Хувь заяагаа зөв залах эсэх надаас л шалтгаална.

-Зөв л залж яваа юм биш үү?

-Гарааны он жилүүд гээд бодчих.

-Сонсогч байх сайхан шүү дээ?

-Суралцах гоё оо. 1993-1997 онд ЦИС-ийн Ерөнхий цэргийн ангийг ахлах дэслэгч цолтой төгсөөд 150 дугаар ангийг байгуулагдахад десант ротын салааны захирагчаар томилогдож байлаа. Сурсан мэдсэн бүхнээ гаргахаас гадна амьдралаас суралцах гэж бас байх.

-Элитийн анхдагчийн нэг үү?

-Тийм ээ, бас хэд хэдэн юмны анхдагч.

-Таныг герман талын боловсролтой гэж ярих юм билээ?

-ХБНГУ-д 2000 онд ротын захирагчийн, 2002 онд батальоны захирагчийн курс төгссөн юм.

-Гадаадын цэргийн сургалтад манайхаас илүү нь юу байна вэ?

-Илүү зүйл олон байдаг. Сургалтыг амьдралтай яг холбож өгдөг. Тухайн хүн танхимд үзсэн дуулснаа анги, салбарт биечлэн хийхийг хөтөлбөрт тусгаад өгчихсөн. Сургалтын тал нь танхимд, тал нь анги салбарт өнгөрдөг.

-Ингэхэд Герман, Монголын цэргийнхний дунд ялгаа байна уу?

-Адилхан цол, хувцас, байр сууц, зэвсэг техник гээд даяаршлын элементүүд олон. Бие бялдар тэсвэр хатуужлаараа бид давна уу л гэхээс дутахгүй. Нэг л том ялгаа байх. Зарчимч шаардлага, үүрэг биелүүлэх чадвар, за даа эрс ялгарна шүү дээ. Энэ хоёр чанарыг манайхан эзэмшчихвэл дэлхийд ёстой цоороод л гараад ирнэ. Мэдээж олон үе дамжин бүрэлдсэн хүн бүрийн хэрэглээ болсон соёл, боловсролын үр өгөөж, төлөвшил байх.

-Тэнд үг л бол үг гэдэг байх аа?

-Бүх юм төлөвлөгөөгөөр. Манайхан шиг цаасан дээр үлдэхгүй.Төлөвлөгөөг бодож тооцоолж хийдэг учраас алдаа гарахгүй. Хийх ёстой зүйлээ цагт нь хийх. Энэ л зарчим дээр ялгараад байдаг юм.

-Хэдийдээ амжаад медаль хүртчихээ вэ?

-2002 онд Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа ХБНГУ-д ажиллахдаа гардуулж өгсөн юм. Гадаадад гардсан дурсгалтай медаль шүү.

-Таны ойрын зорилго юу?

-Суралцах л байна.

-Дахиад л Германд уу?

-Англи хэл үзэж байгаа. Орчин үеийн офицер 3-4 хэл эзэмшсэн байх ёстой гэж үздэг хүн.

-Тэгээд том дарга болох юм биз дээ?

-Даргадаа гол биш юмаа. Хүн ер нь суралцах гэж төрсөн гэвэл өнөө цагт оносон үг шүү. Суралцах мэдлэг олж авах, хөдөлмөртөө хослуулах маань аж амьдралаа дээшлүүлэх эх булаг болж байна.

-Үнэн шүү. Зэвсэгт хүчний өнөөгийн дүр төрх таны нүдэнд бас ирээдүй?

-Цаг үетэйгээ нийцэх гэж их өөрчлөгдсөөр байна. Офицеруудын сэтгэл зүйд суралцах, мэдээлэлд ойртох уур амьсгал эрс нэмэгдсэн. Магадгүй сүүлийн арваад жилийн үндсэн ололт биз. Улс орны хөгжлийн алхаанаас цэргийнхний шинэчлэл түүнийг дагасан ахиц илүү алхамтай яваа гэж итгэлтэй хэлж чадна. Өнөөдөр дэлхийн жишигт ойртож байгаа юм чинь Зэвсэгт хүчний ирээдүй гэрэл гэгээтэй шүү дээ. Манай үеийн залуус ирээдүйгээ харсан итгэл дээр л зогсож байна.

-Цэрэгжлийн гурван төрлөөр Таныг алтан медаль хүртэж байсныг мэдэх юм?

-Ганц биш гурвыг шүү.

-Оны мэргэжлийн аваргаар харагдахгүй юм. Үнэхээр шилдгүүд нэг дор цугларчихаад танд зай гарахгүй байна уу?

-Тийм ч байж болно. Би хэд хэдэн тэмцээний үед гадаадад сурч байсан. Оны аваргын тэмцээнд оролцоод олны нүдэнд харагдаад өгнө өө.

-Гэр бүл?

-Холбоочин, мөн л цэргийн хүн. Охин маань 2002 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн. Сонин байгаа биз.

-Арван жилийн дараа Та ямар цолтой, ямар албатай хаана ажиллаж байх вэ?

-Төсөөлөл үү, төлөвлөгөө юу?

-Ирээдүйгээ харах цонх гэе…

-Арван жилийн дараа юу… Ахмад С.Болдбаатар над руу сүрхий харж инээмсэглээд:
Тийм цолтой, ийм албатай гээд хэлчихвэл онигоонд орчих гээд байдаг. Манайхны хувьд нэг их дадаагүй асуулт юмаа. Уг нь их гоё санагдаад байна. Надад төсөөлөл бий. Энэ удаа хэлэхээс татгалзъя. Арван жилийн дараа “Инээмсэглэл” гээд биччих!

П.Батнайрамдал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ