Уул уурхайг "шинэ цензур"-тэй болгоё

Бид нэгэн залуухан шинжлэх ухаанаас 20 жилээр хоцорч явна. Гэхдээ энэ ухагдахуун манайд яг одоо ороод ирчихсэн байгаа. Энэ бол уул уурхайн салбарын “Хажуугийн тогтворжилт“ хэмээх ойлголт. Үүнийг манайхан уул уурхайн геотехник, барилгын геотехниктэй андуурдаг юм байна. Товчхондоо, уул уурхайн геотехник бол хажуугийн тогтворжилтын ердөө өгөгдөл аж.
Жишээгээр тайлбарлая. Бенгамын зэсийн уурхайд гулсалт, нуралт үүсээд газрын гадаргаасаа ёроол хүртлээ усанд идэгдсэн юм шиг болсны улмаас хаагджээ. Үүнийг нөхөн сэргээхэд багагүй цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулагдана. Тухайн уурхайн хувьд эрсдэлээ урьдчилан тооцож явсан учраас хөрөнгө мөнгөтэй байж. Тиймдээ ч хохиролоо маш богино хугацаанд нөхөж, үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээж чадсан байна.
Гэтэл манай уул уурхайн нөхцөлд дотоодын компаниудад ийм аюул нүүрлэвэл яах вэ? Бидэнд хаахаас өөр арга байхгүй. Тэгэхээр нөөцийн иж бүрэн ашиглалт гэдэг зүйл дууслаа л гэсэн үг. Жишээ нь, Эрдэнэт Бенгамын зэсийн уурхай шиг асуудалд орвол улсын төсвийн 49 хувийг бүрдүүлдэг байсан энэтом уурхай хаагдаж монголын эдийн засаг бодит утгаараа хямрана.
Тэгэхээр ийм том хохирол, аюул, эрсдэлийг үнэлдэг ганц шинжлэх ухаан бол хажуугийн тогтворжилт юм байна. Товчхондоо, уул уурхайн одоогийн байдлыг бус ирээдүйн хор хохирол, эрсдэлийг үнэлж, дүгнэдэг шинжлэх ухаан аж. Тиймээс манай улсын хөгжлийн тэргүүлэгч салбар уул уурхай гэж хэн хүнгүй тодорхойлдог болсон энэ үед үүнийг нэн тэргүүнд хөгжүүлэх цаг нь болжээ. ШУТИС-ийн багш, Др. Б.Ганзориг “Лиценз өгөөд ухаад л ухаад л байдаг. Гэнэт хүндрэл гарангуут яахаа мэддэггүй бол энэ маш том хохирол. Зах зээл, экспорт гээд л бөөн мөнгө яриад л байдаг, гэтэл тэр мөнгө нь бодит байдал дээр бус цаасан дээр л хэрэгждэг. Тэгвэл тэр мөнгийг нь бодит байдал дээр яаж олох вэ гэхээр уул уурхайн салбарт байгаа бүх хүндрэл бэрхшээлтэй асуудлуудаа эхэлж цэгцлэхийн тулд боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай.” гэсэн юм. Тэрээр хажуугийн тогтворжуулалтаар докторын зэрэгтэй Монголын анхны эрдэмтэн бөгөөд Эрдэнэтийн уурхайд багаараа хажуугийн тогторжуулалтын үнэлгээ шинжилгээний төслийн ажил гүйцэтгэж байгаа юм. Тус уурхайг 905-р түвшин хүртэл ашиглана гэж байгаа бөгөөд одоо 1235-р түвшин дээр байгаа аж. Энэ хооронд доош 300 гаруй метр үлдээд байгаа биз. Тэгвэл одоо байгаа түвшин дээрээ гулсалт, нуралт үүсчихсэн байна гэнэ. Гэтэл дахиад доошоо 300 метр гүнзгийрэхэд энэ асуудал улам хүндэрнэ. Бага дээр нь энэ судалгааг хийгээд эрсдэл, хохиролоос урьдчилан сэргийлэх арга замаа хайж олж чадах юм бол 905 хүртлээ амсах хохирол нь багасна. 300 метр гэдэг нь Монгол Улсыг дахиад олон жил тэжээх нөөц гэсэн үг. Ийм л ач холбогдолтой шинжлэх ухаан байгаа юм.
Энэ шинжлэх ухааныг онцолсны учир нь уул уурхайн энэ бүх эрсдэлийг урьдчилан тооцдог арга барил, туршлага манайд байдаггүй юм байна. Гэхдээ Оюутолгой зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд үүнийг хэрэгжүүлээд явдаг. Гэвч Бороо Гоулд шиг хугацаанаасаа өмнө тэр их баялгийг богино хугацаанд авч гарахын тулд хажуугийн тогтворжуулалтын шинжилгээ хийсэн ч түүнийгээ зөрчдөг бололтой. Үүнээс болж өнөөдөр тус уурхайд нуралт үүссэн тохиолдол гарсан байдаг.
Мөн хажуугийн тогтворжилтын бас нэгэн ач холбогдлыг тайлбарлавал, энэхүү шинжилгээ, дүгнэлтийг хийгээгүйгээс болж бий болсон гулсалт, нуралтаас үүдэн нөөцийн иж бүрэн ашиглалтаа хийж амжилгүй хаагдаж буй уурхай маш олон байдаг гэнэ. Тиймээс л монголын газар нутаг оготны нүх шиг сэндийчигдэн хаягддаг байна. Бага зэргийн нуралт ч эдийн засгийн хохирол дагуулна. Хугацаа алдаж, бүтээгдэхүүн захиалагчийнхаа итгэлийг алдах, тоног төхөөрөмж, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох явдал бий болдог байна.
Энэ бүхнийг улсын бодлогын хэмжээнд авч хэлэлцэх цаг нь болжээ.Эс бөгөөс жишээлбэл, нэг л өглөө Багануурын нээсэн нүүрс дотоод овоолгын чулуулагийн гулсалтад дарагдсан байвал хотын хэдэн дүүрэг хөлдөх аюулд орно. Муу амалж байгаа бус, урьдчилан сэргийлэх боломж бий гэдэгт анхаарал хандуулах гэсэн санаа юм.
Иймийн учир өнөөдрөөс хажуугийн тогтворжилтын стандартыг мөрдүүлэх, компаниудад цензур тогтоох, улмаар боловсролын түвшингээс нь эхлээд зөвшөөрөл олгогч, үйл ажиллагаа эрхлэгч, хяналтын шатныхан, цаашлаад хууль батлагч хүртэлх бүх нэгжүүдэд хариуцлагын тогтолцоог системтэйгээр бий болгох хэрэгцээ шаардлага тулгарчээ. Ингэхдээ хажуугийн тогтворжуулалтыг нэг цензур болгож болох юм. Ингэж гэмээ нь бидний улиг болтол сонсдог Хариуцлагатай уул уурхайн нэгэн үндэс суурийг бий болгох боломжтой юм болов уу.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ