Утааны эсрэг жагссан аав ээжүүд юу хэлэв?

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардан ард иргэд тайван жагсаал хийлээ. Энэ жагсаалын зорилго нь маш тодорхой. Хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаралтай бууруулах арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардлаа. Тэд агаарын бохирдол өндөр үзүүлэлттэй байгаа цэгүүд дэх эмнэлгүүдийг нүүлгэх юм уу, өөр ямар нэг аргаар тэнд эмчлүүлнэ гээд хэвтэж байгаа хүүхдүүдийн амийг аврахыг шаардлаа. Мөн агаарын бохирдол үүсгээд байгаа хүчин зүйлсийг яаралтай, богино хугацаанд 25 хувиар бууруул гэх мэт хэд хэдэн шаардлага тавьж байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдийн эмчилгээнд зарцуулсан зардал болон хүүхдээ эмчлүүлэх хугацаанд олох байсан орлогоо төрөөс нэхэмжиллээ.
Жагсагчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд шүүмжлэлтэй хандаж байлаа.
Тэд “өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн аргууд бол зөвхөн эрх баригчид өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах гэсэн явуургүй үйлдэл, үүнд нийслэлийн иргэд золиослогдож байна” гэж үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Ямартай ч одоо болтол агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ажил хийгдсэнгүй гэж иргэд дүгнэж байна. Гэхдээ бүгд муу байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. “Гэр хорооллыг орон сууцжуулах” төслийн хүрээнд тодорхой байршлуудад орон сууцны хороолол барьж эхэлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тохиромжтой арга гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэр хорооллыг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг хумих нь агаарын бохирдлыг бууруулахад маш том нөлөө үзүүлэх бодит алхамаар нэрлэгдлээ. Иргэний нийгмийн төлөөллүүдийн зүгээс гэр хорооллууд руу дулааны шугам татах хэрэгтэй гэж байна. ДМ нэгдлийн төлөөллөөс “10 жилийн дотор хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрсэнгүй. Тэр мөнгөөр хоолой татах хэрэгтэй байсан.” гэсэн юм. Уг нь энэ бол Э.Бат-Үүл мээр байх үед яригдаж, хэрэгжиж эхэлсэн ажил. Иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байсан энэ үйл ажиллагаанд айл өрхүүд тийм ч санаачлагатай оролцож байгаагүйг санах л хэрэгтэй.
Тэгвэл 2016-2017 оны халаалтын жилийн хувьд ямар ажлыг төлөвлөсөн бэ? Эрх баригчид энэ мөнгөөр зуух, түлш тараахгүй, харин цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн нөхөн олговорт зарцуулах юм. Тухайлбал, цахилгаан эрчим хүчээр халдаг шалны халаалтаар дулаанаа шийдсэн өрхүүд олон бий. Тэд сардаа 120000-150000 төгрөг цахилгааны төлбөрт төлдөг аж. Тиймээс Засгийн газраас цаашдаа ийм технологийг ашиглах айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэхээр шийдвэрлэсэн. Эрчим хүчний энэхүү зардлыг төрөөс дааж, 4 гаруй тэрбум төгрөгийг цахилгаан станцуудад, цахилгаан түгээх сүлжээ компаниудад нөхөн олговор байдлаар олгох шийдэлд хүрсэн. Мэдээлэл сурталчилгаа зэрэгт 500 орчим сая төгрөг зарцуулна гэж байгаа.
Үүнээс өөр гарц одоохондоо алга. Гэхдээ халаалтын технологийг суурилуулахад олон зардал, асуудал урган гарна. Ямар улсын ямар байгууллагад тендэрийг нь олгох, тендэр нь будлиан маргаангүй шударга болж чадах уу, үгүй юу гэх мэтчилэн олон асуудлууд үүснэ. Энэ бүхнийг оновчтой бодлогоор зохицуулах үүргийг ард түмэн төр засагт өгч байна.
Ийнхүү жагсагчид өргөдлөө УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байгаа юм. 900 хүн өргөдлөө өгөхөд тухайн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцдэг. Тэгэхээр агаарын бохирдлын асуудал удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын товд багтан орж ирэх байх. Идэр ес эхлээгүй энэ үед асуудал ингэтлээ хүндэрч буйг шийдвэр гаргах түвшнийхэнд сануулж, бодит арга хэмжээ авч ажиллахыг ийн шаардлаа.
Одоо томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд өргөс авах мэт шууд үр дүн харагдахгүй нь мэдээж. Тэгэхээр энэ хугацаанд маскаа зүүж, агааржуулагчаа хэрэглэж л байх нь зөв.
Дашрамд сонирхуулахад, агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр агаар гэж үздэг. Харин Улаанбаатарынх 2300 болжээ. 10 сая хүн амтай Токио хот гэхэд агаарын чанарын индекс нь 30 байдаг ажээ.
Харин манай нийслэлийн нийт өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдарч, хотын суурьшлын бүсийн газар нутгийн 90 хувийг гэр хороолол эзэлсээр л байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ