Э.Бат-Үүл, Б.Булган нараас уучлалт гуйх ёстой

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг гэрт нь санаатайгаар егүүтгэснээс хойш 18 жилийн дараа уг хэргийг үйлдсэн гэх гурван этгээдийг шүүж ялын дээд хэмжээ болох 24-25 жилийн ял ногдуулав. Шүүх хурлын эргэн тойронд янз бүрийн яриа өрнөж, хүн бүр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлцгээж байна.
Цагдаа, мөрдөн байцаах, хууль хяналтынхныг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Олон улсын парламентын холбоо, бусад улс оронд хандан тусламж эрсээр ирсэн хэрэг ийнхүү илэрлээ. Монголд төр гэж байдаг. Төрийн дээр хууль буй. Хууль бол хаан, гэхдээ олон нийтэд ганц нэг санал бодол байна. Захиалагч гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэдгийг асууж байна. Түүнийг тодорхой болгохыг тэд хүсч байна.
Ямартай ч энэ хэргийн хамгийн гол хохирогч нь бол ардчиллын алтан хараацай С.Зориг, түүний гэр бүл болон зоригт хүүгээ алдсан монголын ард түмэн. Бас нэг хохирол бол Монгол Улсын ардчилал мөн юм. Гэхдээ шууд бус утгаараа энэ хэргээс болж хохирсон олон хүн байгааг бид мартах учиргүй.
Өчигдөрхөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хууль зүйд “Нэг гэмгүй хүнийг шийтгэснээс 10 гэмтэй хүнийг сулласан нь дээр” гэдэг нэг том зарчим байдаг. Гэмгүй хүнийг шийтгэхээр эцэг эх, үр хүүхэд, хань ижлийг нь давхар шийтгэдэг.” гэсэн юм.
Тэгвэл олон жилийн туршид сэрдэгдэж, шалгагдаж, шийтгэгдсэнээс өөрцгүй байдалд явж ирсэн хэчнээн хохирогч байгаа вэ? Найзыгаа хөнөөсөн хэмээн сэрдэгдэж, элдвээр хэлэгдэж, бүр алуурчин гэж чичлүүлж явсан хотын дарга асан Э.Бат-Үүл бол гарцаагүй нэг хохирогчийн нэг. Түүнийг 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар татан шалгасан. Гэхдээ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ер нь жилийн жилд хардлага, доромжлол дунд явсан. Ялангуяа сонгуулийн мөчлөгөөр сэдэрдэг “С.Зоригийн аллага” хэмээх сэдэв сэтгэл зүйн дарамтыг ч сэдрээдэг байсан биз. Улмаар өнгөрсөн есдүгээр сард түүнийг дахин сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ мэтчилэн шалгах тоолонд Э.Бат-Үүл гэгч нь найзыгаа хөнөөсөн байх магадлалтай гэсэн хардлагыг дагуулж ирсэн. Энэ хардлагын уршгаар энэ хүн улс төрчийн хувьд намын даргад, цаашилбал Ерөнхийлөгчид хүртэл өрсөлдөх боломж, энэ итгэл үнэмшил, сэтгэл санаагаараа хохирсон гэж хэлж болно.
Энэ хэргийн бас нэг хохирогч бол мэдээж түүний гэр бүлийн хүн Б.Булган. Тэрээр бас л эр нөхрөө алдсан ч олон жил энэ хэрэгт сэжиглэгдэж ирсэн нэгэн. Энэ урт хугацаанд түүний сэтгэл санаа бас л тайван амгаланг үзэлгүй, чамгүй зовж ирсэн байж таарна. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүртэл авсан. Харин өнгөрсөн есдүгээр сарын 09-ний өдөр эрүүл мэндийн байдлыг харгалзан сулласан болохоос хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй гэж албаныхан мэдэгдэж байв. Тэгэхээр үүнийг олон нийт хэрэгт холбоотой л гэж ойлгож ирсэн. Алдсан хүн арван тамтай гэгчээр нөхрөө бусдын гарт алдсан тэрээр өөрөө сэжигтэн, гэрч, хохирогч болж, өнгөрсөн хугацаанд хамгийн их дарамттай байсан нь энэ хүн болов уу. Одоо тэр гэрч, хохирогч, сэжигтэн, холбогдогч аль нь ч биш болсон.
Ойр дотны хүмүүсээс гадна олон хүн энэ хэргээс болж сэтгэл санаагаар зогсохгүй амь насаараа хохирсон байдаг. Энэ хэрэгт анх алуурчин хэмээн Бат, Оюун гэх хоёр хүнийг сэжиглэн мөрдөж байсан бол сүүлд Бо гэдэг залууг мөн татаж байв. Харамсалтай нь тэрээр удалгүй гадны нөлөөтэйгээр амиа алдсан. Хэргийн газарт анх шалгахаар очсон цагдаагийн бүрэлдэхүүний ахлагч ч мөн ийм байдлаар талийгаач болсон гэдэг.
Тухайн үед сөрөх тагнуулын албанд байсан Б.Хурц мэдээлэгч нарынхаа шугамаар авсан мэдээллийн дагуу Францад байсан Д.Энхбат гэх залууг С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт мэдээлэл сайтай гэж үзжээ. Улмаар тагнуулынхан түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан баривчилж, эрүүдэн шүүсэн гэж байгаа. Гэвч Д.Энхбат хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон бөгөөд удалгүй нас барсан билээ. Д.Энхбатаас гадна “Ард” Батсүхээс эхлээд 40 мянгатын олон хүн энэ хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.
Улс төр судлаач С.Эрдэнэтуул хэвлэл (“Зууны мэдээ” 2013.04.22)-д ярилцлага өгөхдөө энэ хэрэгт одоогийн УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг харддагаа нуулгүй ярьсан байдаг.
Ийнхүү олон хүний амьдралд бараан сүүдэр үлдээсэн гүтгэлгийг хэзээ, хэн, яаж цайруулах ёстой вэ? Ер нь дээрх хохирогчдоос Монгол төр, хууль шүүхийнхэн, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уучлал гуйх, нэр төрийг нь сэргээх зэрэгт анхаарлаа хандуулах нь шударга явдалд нийцэх болов уу.
Хэрэг илэрснийг хүлээн зөвшөөрөхөд бэрх ч манай төр олон хүний, тэр тусмаа олон улсын анхаарал татсан хэрэг дээр хүнийг хилсдүүлэх явуургүй үйлдэл хийх учиргүй. Яллагдагчийн ээж нулимс унаган байж үрээ өмөөрөх нь, үгээ хэлэх нь аргагүй эх хүний "үхтэл үр харам" сэтгэл юм. Тэдэнд давж заалдах эрх нь бий.
Эцэст нь хэлэхэд, үеийн үед тухайн хууль хяналтын байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн хайгуул зөвхөн монголд төдийгүй тив алгасан хийгдэж байсан. Энэ ажлын хэсгийнхний шийдвэрээр европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байв. Энэ хугацаанд явуулсан үйл ажиллагаа бараг бүхэлдээ нууцаар явагдсан байх үндэслэлтэй. Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг аж. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхээр шүүх хурлын явцад, нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан гэдгийг ухамсарлах нь зөв.
Харин захиалагчийн тухайд, ямар нэгэн бодит мэдээлэл өгөхгүй бол уг хэргийг олон нийт дуусаагүйд тооцож байна. Үүнтэй холбоотойгоор хохирогч С.Оюун ч мэдэгдэл гаргаад байна.
Захиалга гүйцэтгэгч, захиалагчийн хамт шийтгэгдэх ёстой байсан ч зөвхөн гүйцэтгэгчид ял авсан нь захиалагч нь нас барсан, оргон зайлсан, одоо ч захиалагчийг шалгаж байгаа гэсэн таамгуудыг дагуулж эхэллээ. Үүнийг дагаад дахин олон хүний нэр төр сэвтэх вий. Хүн гүтгэх ч бас хуультай биз дээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ