Сар шинийн товын тухай хэн юу хэлэв

Энэ жилийн сар шинэ хэзээ тохиож буй талаар элдэв маргаан үргэлжлээд удлаа. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш сар шинийн товыг нэгдүгээр сарын 28, эсвэл хоёрдугаар сарын 26-нд гэж маргаж эхэлсэн. Харин одоо нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 27 гэх мэтээр хэлэлцэж байна. Хэрэв энэ сард болно гэвэл давчуу хугацаа үлдлээ. Хэрэв ирэх сард гэвэл иргэд цагаан сарын бэлтгэлээ базаахад овоо хугацаа гарч байгаа юм. Зарим иргэд үхэр сард мөр гаргадаггүй ёсон буй хэмээн үзэж ирэх сард цагаан сарын шинийн нэгэн тохиох байсан ч энэ сард мөрөө гаргана гэлцэж байгаа юм. Тэгвэл ер нь сарын шинийн товын талаар хэн юу гэж хэлснийг товч хүргэе.

Монголын Үндэсний Чөлөөт Зурхайчдын Нэгдсэн холбооны тэргүүн, Шар зурхайч М.Намсрай: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд эхлэнэ. Хубилай хааны зарлигаар 1280 оны 12 дугаар сарын 19-нд монгол түшмэд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсныг “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнийг хожмоо “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна. Харин Сүмбэ Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Энэ зурхайгаар шинэлж эхэлснээс хойш буюу 1807 оноос хойш өнөөдрийг хүртэл 209 удаагийн цагаан сарын 134-ыг нь буруу 75-ыг нь зөв тэмдэглэж ирсэн байна.

Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц: Богд хаант Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Бусдын эрхшээлд Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг . Тэгэхээр хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Энэ өдөр л шинэлнэ. Бид хэзээ шинэлэх талаар маргалдаад байх зүйл байхгүй ээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Л.Тэрбиш: Гандантэгчэнлэн хийд, Бурхны шашны зонхилох байгууллагууд Төгс буянтын зурхайн дагуу энэ жил монголчууд хоёрдугаар сарын 27-нд шинийн нэгэн тохиож байгаа гэж үзэж байгаа. Миний хувьд ч гэсэн хоёрдугаар сарын 26-нд битүүний өдөр, хоёрдугаар сарын 27-нд шинэлнэ гэж үзэж байгаа. Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиож байгаа. Шар зурхай бол Хятадын зурхай гэж хэлмээр байна.

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд: Тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо. Төгсбуянтын зурхайн ёсоор сар ургах, шингэх, гариг эрхэсийн нөлөөлөөс шалтгаалаад давхцах, тоо нь зөрөх байдаг. Төгсбуянтын зурхай түүнийг нь тааруулж, нилээд төгөлдөржүүлсэн байдаг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо байдаг тул нэгдүгээрт, орон нутгаар нь салгаж, хоёрдугаарт тухайн газар орны онцлогийг харуулж зурдаг. Тиймээс Монгол нутагт баримтлаж байгаа Төгсбуянтын зурхай бол энэ бүгдийг судлаж, олон талын тооцооллуудыг үндэслэж байж гаргадаг. Шар зурхайн гол эх сурвалж, зан үйл нь Хятад улстай холбоотой. Монголд Бурханы шашин бол гурван үе дэлгэрсэн байдгаас гуравдугаар үеэс буюу 16-р зуунаас шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор Төгсбуянтын зурхай бий болсон. Гэхдээ өмнө огт байхгүй байгаад гэнэт гараад ирсэн ч биш, өмнө нь байсан шар зурхай мэтийн зарим зүйл нь тодорхой бус зурхайнуудыг илүү нарийн тооцоолж, тодорхой болгож тавьснаараа Төгсбуянтын зурхай давуу.

Монголын бурханы шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн, “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.Санждорж: Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойгоор энэ асуудалд цэг тавьсан. Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойгоор цаг тооны бичгээ 2012-2024 он хүртэлх “Монгол Үндэсний цаг тооны бичиг” болгож, хэвлээд иргэдэд үнэгүй тараадаг болсон. Гол шалтгаан нь Хятадын шар зурхай, Төгсбуянтын зурхайн хоёр тоолол хоорондоо зөрсөнд оршиж байгаа юм. Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд байна. Нэрний тухайд ч маргадаг байсан. Харин ХVII жарны Алтан унжлагат хэмээн гал тахиа жил гээд аль 2011 онд батлуулаад цаг тооны бичгээ гаргачихсан байна. Зурхайч М.Намсрай гуай өөрөө ч мэдэж байх учиртай.

Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор С.Даваабаяр: Хятадын шар зурхай Төгсбуянтын зурхай руу шилжиж болдог. Нэг үгээр хэлбэл, тооцооллыг нь шилжүүлсний үндсэн дээр Төгсбуянтын зурхайг гаргаад ирж болно. Эсрэгээр Төгсбуянтын зурхайгаар Хятадын шар зурхайн тооллыг бодоод цаг тооны бичгийг нь хийчихэж бас болно. Зурхай гэдэг хүмүүсийн тоглоом, тохуу хийдэг ажил биш. Хятадад цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно. Харин тэр үед манайд өвлийн тэсгим хүйтэн дуусаагүй байна. Хаврын цаг эхлээд дуусах хугацаа нь хоёуланд нь ижилхэн байдаг. Хятадын шар зурхайд хаана явж буй нь хамаагүй, зөвхөн эхлэл, төгсгөлийн хугацааг чухалчилдаг. Төгсбуянтын зурхайн хувьд өдөр бүрийн явцыг тооцдог. Хэрэв буддын шашинт хүн мөн л юм бол Төгсбуянтын зурхайгаа дагах хэрэгтэй. Шар зурхай, Төгсбуянтын зурхайд зөв буруу гэсэн ойлголт байхгүй. Гагцхүү тусгаар тогтнол, ёс заншил, газрын байршлын асуудал л яригдана. Тиймээс цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд тохионо.

Цахим орчноор:

-Энд маргаад байх юм байхгүй. Төгсбуянтын зурхайг түүх ярилгүйгээр зөвхөн цаг уур, дэлхийн бөмбөрцгийн өргөрөгөөр ялган улирлын ялгаа, одоо хаана хэдэн хэм дулаан хүйтэн байгааг хараад хэлэхэд л ойлгомжтой.

-1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Төгсбуянтын хуанли бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Хятадын цагаан сараас манайх заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий.

-Дашцэрэн гуай Тэрбишийн бурууг батлаад л өгсөн. Нөгөөх нь зугтчихсан шүү дээ.

-Лувсанданзанчанцан гээд Тэрбишийн цаг тооны бичигт байдаг. Энэ нэр Төгсбуянтын зурхайг зохиосон автор нь биш юм уу?

Ийнхүү Төгсбуянтын зурхайг нийтээрээ дагадаг учраас ирэх сард шинийн нэгнээ тэмдэглэнэ гэх нь олон байна. Харин Монгол шарын зурхайн төлөөлөгч М.Намсрай үүнд ихэд дургүйцэж Төгсбуянт зурхайн томоохон төлөөлөл болох зурхайч Л.Тэрбишийг халз мэтгэлцээнд дуудсан байна. Энэ удаагийн дуудлага нь түүний хоёр дах удаагийн дуудлага болж байгаа бөгөөд анх 2002 онд Л.Тэрбишийг халз мэтгэлцээнд дуудаж байжээ. Тухайн үед Л.Тэрбиш халз мэтгэлцээний урилгыг хүлээж аваагүй бол энэ удаагийн дуудлагад ямар хариу өгөх нь олны сонирхлыг татаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ