АН-ын сонгууль ард түмний сонголтыг батлах уу?

Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Тэд хамтдаа 21 аймаг, есөн дүүргээр тойрон явж, АН-ын гишүүдтэйгээ уулзалт хийх учиртай. Ингэхдээ хамаг сайхан цэцэн үгээ уралдуулж, хажуу дэргэдэхээ хавирч яваа нь тодорхой. Гэвч уулзаж, учирч буй ард иргэдийн хувьд тэд эртний танил. Учир нь АН-ын гишүүд орон нутгийн сонгуулийг тооцвол долоохон сарын хугацаанд гурав дахь сонгуулиа өгөх гэж байна. 2016 оны УИХ-ын сонгууль өнгөрсөн зургадугаар сард болж, сонголтоо хийсэн. Одоо дахиад намынхаа лидерүүдээс сонголт хийнэ. АН-ын даргад нэр дэвшигчдийн гурав нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн. Гэхдээ энэ нь бусад хоёр нэр дэвшигч бүх итгэлийг алдсан гэсэн үг биш, өрсөлдөгчөө ялах хэмжээнд санал нь хүрээгүй гэсэн үг. Ер нь АН-ын гишүүд хэнд нь дахиж итгэлээ харамгүй өгч, энэ сонгуулийн ялалтын тугийг атгуулах бол?
Тус намын даргад өрсөлдөж буй эрхмүүд УИХ-ын сонгуулиар тойргийнхоо сонгогчдод хэрхэн үнэлүүлсэн бэ гэдгийг энд эргэн санахад илүүдэхгүй болов уу.
Тэгэхээр нэр дэвшигчид дунд 2012 оны сонгуульд намын жагсаалтаар орж ирсэн нэг нь байхад 2016 онд нэр дэвшээд унасан нь ч бас байна. Уг нь тэд 2012 оны сонгуульд хамтдаа ялалт байгуулсан. Харин 2016 онд одоо намын даргад нэр дэвшигчдээс хоёр нь үзэгчдийн суудалд шилжээд байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 62-р тойрогт нэр дэвшсэн Л.Гантөмөр /2012 онд 22490 санал авч ялалт байгуулж байсан/ 2016 онд 8233 санал авсан МАН-ын Ц.Цогзолмаад, Увс аймагт буюу 32-р тойрогт нэр дэвшсэн Н.Алтанхуяг 2016 онд МАН-аас нэр дэвшиж 8024 санал авсан Н.Цэрэнбатад тус тус өвдөг шороодсон.
Харин БЗД-ийн 53-р тойрогт нэр дэвшсэн Ж.Батзандан /2012 онд 44390 санал авч ялалт байгуулсан / 8491 санал авч МАН-ын Б.Төмөрчулуун, МАХН-ын Д.Эрдэнэцогт нарыг, БГД-ийн 69-р тойрогт С.Эрдэнэ /2012 онд 32036 санал авч ялалт байгуулсан / 7477 санал авч МАН-ын Л.Амгалан, МАХН-ын М.Алтантуяа нарыг, Д.Эрдэнэбат 2016 онд Сэлэнгэ аймагт буюу 27-р тойрогт нэр дэвшиж /7145 санал/ МАН-ын С.Бүрэнбат, МАХН-ын А.Энхболд нараас илүүрхэн түмнийхээ итгэлийг хүлээжээ. Энэ бол асар том итгэл найдвар, ард түмний зөвшөөрлийн тамга аж.
Гол нь энэ бол судалгаа бус, сонгуулийн дүн гэдгийг сануулах нь илүүц биз. Эндээс ард түмний итгэлийн хэмжүүрийг ил тод харж болох юм. АН-ын даргыг парламентаас сонгох тухай сүүлийн үед эрчимтэй яригдаж байгааг бид өмнө нь дурдаж байсан билээ. Тэгвэл парламентын сонгуулийн дүнг намын даргын сонгууль батлах болов уу? Мэдээж энэ бол дотоод сонгууль. Нэгэнтээ олон түмнээсээ дэмжлэг авсан төрийн түшээ хүн илүү нөлөө бүхий байр суурьтай байх нь ойлгомжтой. Энэ утгаараа Монгол төрийн нэг багана болсон АН-ын байр суурь ч тодорхойлогдох учиртай биз. Парламентын сонгуулийн үр дүн ч энэ дотоод сонгуулийн бас нэг хана болон хэдийнэ боссон гэж хэлж болох юм. Ер нь ард түмнээс сонгогдсон хүнээ сонговол АН ирэх сонгуульд ялах магадлал нь төдий чинээ нэмэгдэнэ.
2000 оны сонгуулиар АН-аас Ж.Наранцацралт парламентад сонгогдсоны дараа улс төрийн ямар ч алба хашаагүй байсан Д.Дорлигжавыг АН-ын даргаар сонгосон байдаг. Энэ үед АН гудамжинд ард түмэнтэйгээ хамт байсан ч тэдний нэг ч бодлого нь УИХ-ын танхимд яригдаж байгаагүй гэдэг.
Ямартай ч эвийн сум атгасан таван нэр дэвшигчийн хэн нь итгэлцлийн их талаас ганзага дүүрэн ирэхийг 20 хоногийн дараа бүх нийтээр харах болно.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ