БНМАУ-ын Цагдан сэргийлэх газар (1924-1926 он)

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна

Монгол төрийн цагдаагийн байгууллага нь 1921-1924 онд Ардын засгийн газрын Цэргийн явдлын яамны харьяалал дор Нийслэл хүрээнд нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ удаагийн нийтлэлээрээ 1924-1926 онд Цэргийн явдлын яамнаас Дотоод явдлын яамны харьяанд шилжин ажилласан Цагдан сэргийлэх байгууллагын товч түүхийг өгүүлэхийг зорьсу.

БНМАУ-ын Засгийн газрын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Анхдугаар их хурлын хурлаар “Цэргийн зөвлөлийн ба сурган боловсруулах хэлтсийн тухай” хэмээх асуудлыг тусгайлан хэлэлцэхдээ цагдан сэргийлэхийн үйл ажиллагааг Цэргийн явдлын яамны захиргаанаас гаргаж, Дотоод явдлын яамны мэдэлд шилжүүлэн улмаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар байгуулах тухай заалт өгсөн явдал нь цаашид цагдан сэргийлэх газрыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Энэ үед цагдан сэргийлэхийн даргаар Магсархурцын Дугаржав ажиллаж байв. Тэрээр

1923-1924 онд Цагдан сэргийлэх хорооны дарга

1924-1926 онд Улсын цагдан сэргийлэх газрын даргаар тус тус ажиллаж байсан Монгол төрийн цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг юм.

М.Дугаржав нь цагдан сэргийлэхийн даргаас гадна улс эх орноо төлөөлж гадны улсад суух анхны элчин сайдуудын нэг, анхны улсын гавьяат дуучин цолтон хүн байсан ба тэрээр цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэгэн адил улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун шуурганд өртсөн юм.

1943 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн Шүүн таслах газрын шүүх бүрэлдэхүүний тогтоолоор 10 жил хорих, сонгох, сонгогдох эрхийг4 жил хасах, хувьд ногдох хөрөнгийг хураахаар шийтгүүлжээ. Түүнийг БНМАУ-ын дээд шүүхийн Бүгд хурлын 1962 оны 11 дүгээр сарын 16-ны 17 дугаар тогтоолоор түүнд ноогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.

1924 онд хуралдсан анхдугаар их хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэхээр 1925 оноос эхлэн цагдан сэргийлэхийн салбар анги нэгтгэлүүдийгхөдөө орон нутагт буюу аймаг, хошуудад байгуулахаар тусгай дүрэм, өмсөж зүүх дүрэмт хувцасны загвар, хэв маяг, орон тоо, төсөв зэргийг боловсруулан 1925 оны 08 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын 31 дүгээр хуралд оруулсан боловч тус хурлаас тухайн асуудлыг түр түдгэлзүүлэн дахин сайн нягтлан цэгцлэхээр Довчин, Содномдорж, Сэдбазар нарын бүрэлдэхүүнтэй комиссыг томилон ажиллуулж, “Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм”хэмээх нэртэй 9 бүлэг 73 зүйлтэй дүрмийг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 01 дүгээр сарын 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэн батлав.

Шинэ тутам батлагдсан дүрэмд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргыг БНМАУ-ын Засгийн газар томилох бөгөөд бүрэлдэхүүнд нь ерөнхий бэлтгэл, эрүүгийн хэрэг эрхлэх хэлтсүүд, салбар хороодтой байх, аймгуудад Засгийн газрын зөвшөөрлөөр ардын цагдан сэргийлэхийг байгуулж, ерөнхий газар ба орон нутгийн захиргаадад давхар захирагдаж, ажлаа улирал бүр тайлагнаж байх, мөн түүнчлэн цагдаа нар тусгай формын хувцас, буу зэвсгээр улсаас хангагдаж, цэргийн дүрэм, сахилгыг хатуу сахих үүрэгтэй, шаардлагатай тохиолдолд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх, хэрэв буруу хэрэглэвэл хариуцлага хүлээх зэрэг зүйлүүдийг шинээр нэмж оруулсан байна. Дөрөвдүгээр зүйлд “Жинхэнэ цагдаа цэргүүд тэмдэгт хувцастай байх, хувцасны маягийг Дотоод явдлын яам төлөвлөн тогтоож, Засгийн газраар батлуулна” гэжээ. Энэ шинэ дүрмээр Түүнчлэн цагдаа цэргүүд 25-45 насны бие эрүүл, уг албан тушаалыг гүйцэтгэж чадах хүнийг авах зэрэг тодорхой хэм хэмжээнүүдийг тогтоожээ.

Ийнхүү 1926 оны 02 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар байгуулагдаж бүтэц орон тоо нь батлагдаж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар болсон боловч БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор УЦСЕГ-ыг татан буулгаж, Ардын цагдан сэргийлэхийн анги салбаруудыг орон нутагт ажиллуулахыг хойшлуулжээ.

ЦЭРЭНДОРЖИЙН ДАШДОРЖ

1926 оны 02 сараас тус оны 05 сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар тухайн үеийн ард гаралтай сэхээтэн хүмүүсийн төлөөлөл болох Цэрэндоржийн Дашдоржийг, комиссараар Жамсранг тус тус томилон ажиллуулжээ. “Ц.Дашдорж нь тайж гаралтай бөгөөд Монголын утга зохиолын ноён оргил болсон их зохиолч Нацагдоржийн төрсөн эцэг нь ажээ.

1926 онд Монгол цагдаагийн байгууллагад хийгдсэн нэгэн чухал алхам бол Улаан тугтай болсон хэрэг явдал байлаа. Цагдан сэргийлэхийн анхны туг нь өвөр талдаа “Ариун зориг, агуу гайхамшиг”, ар талдаа “Хууль дүрэм ба эмх журмыг эрхэмлэсүгэй” уйгаржин монгол бичигтэй байсан ба тус тугийгхэдэн он хүртэл хэрэглэсэн, ямар байгууллагын шийдвэрээр шинэчилсэн баримт одоогоор олдоогүй байна.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 05 дугаар сарын 14-нийөдрийн 9 дүгээр тогтоолоор УЦСГ-ыг татан буулгаж, Улаанбаатар хотын захиргааны дэргэд туслах түшмэл 1, бичээч 3, хэлмэрч 2, салааны дарга 1, морьтой цагдаа 15, явган цагдаа 10, гянданы цагдаа 1, ялтны хуяг 4, галч 1 нийт 51 алба хаагчийн орон тоотой Цагдан сэргийлэх хэлтсийг байгуулснаар Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхийн нэгэн сонирхолтой мөчлөг үе дуусгавар болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ