БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллага (1926-1928 он)

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна...

/Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны тавдугаар сарын 12-ны өдрийн

есдүгээр тогтоол/

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 05 дугаар сарын 14-нийөдрийн 9 дүгээр тогтоолоор Улс орны эдийн засгийн байдал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ардын цагдан сэргийлэхийг хөдөө ороннутагт байгуулах ажлыг хойшлуулж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг татан буулгаж, туслах түшмэл 1, бичээч 3, хэлмэрч 2, салааны дарга 1, морьтой цагдаа 15, явган цагдаа 10, гянданы цагдаа 1, ялтны хуяг 4, галч 1 нийт 51 алба хаагчийн орон тоо бүхий Цагдан сэргийлэх хэлтсийг Улаанбаатар хотын захиргааны харьяанд байгуулснаар Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхийн анхаарч судалбал зохих нэгэн мөчлөг үе эхэлсэн юм.

1926 оны 02 дугаар сард байгуулагдсан Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хувьдмөн оны 05 дугаар сар хүртэл ердөө 3 сарын хугацаандүйл ажиллагаа явуулж 1926-1928 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэд цагдан сэргийлэх хэлтэс нэртэйгээр тус хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1926 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдүгээр хурлаар батлагдсан “Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм”-ийн дагуугүйцэтгэж байжээ.

Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх хэлтсийн алба хаагчид нь Улаанбаатар хотын хэмжээнд хэв журам сахиулахдаа гудамж талбайд бүжиг наадам, ший янгуу тоглох үеэр хэв журам сахиулах, уурын тэрэгний замын хөдөлгөөнийг зохицуулах, хар тамхи, мөрийтэй тоглогчид, гал түймрийн аюултай хүчлэн тэмцэх, хотын дотор шувууны буу хэрэглэх, пуужин харвах зэргийг таслан зогсоох, хулгай дээрэм, худал үнэний дэнсийг тогтоох, түүнтэй тэмцэх, оргодол босгуулыг барих, зодоон цохионөдүүлэгчидтэй тэмцэх, хэрэгтнийг байцаах зэрэг үйл хэргийг голчлон гүйцэтгэж байжээ.

Энэ үед цагдан сэргийлэх хэлтсийн ахуй хангамж, байр орон сууцны нөхцөл бололцоо, харилцаа холбоо, зэвсэг хэрэглэл үнэхээрийн дутагдалтай байсан ба машин тэрэг байгаагүй,хүн дуудах, эргүүл хийх, бичиг хүргэх, хэл мэдээ авалцах үед хол ойрыг үл хайхран гол төлөв явган явж үүргээ гүйцэтгэн төрийн чухал албыг үл тасалдуулан ажилладаг байжээ. Ийм үед Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийн даргаар Загдын Товуудорж /1926 он/, Мишигийн Лувсан-Ёндон /1926-1928 он/ нар өөрийн мэдлэг, ур чадвараа зориулан сонор сэрэмж, авхаалж самбаатай, ажигч гярхай дайчин зүтгэл гаргаж, энэ үед гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг өдүүлэгчдийг барин авах ажиллагаа явуулахдаа ард иргэдийн мэдээ мэдээлэл, эрэлт хүсэлтэд онцгой анхааран ажиллаж ирсэн тухай цагдаагийн түүхийн судалгааны зарим бүтээлүүдэд дурдагдсан байдаг.

М.Лувсан-Ёндон нь 1904 онд Богд хан уулын аймгийн Ноён уулын хошуу буюу одоогийн Төв аймгийн Баянгол хэмээх газар төрсөн. Бага балчир насандаа сүм хийдэд шавилан сууж байгаад 1921 онд хар болсон.

1925-1926 онд Аж ахуйн яаманд бичээч

1926-1927 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтэст байцаагч

1927-1928 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

1926 онд батлагдсан дүрэм нь БНМАУ-ын хэмжээнд үүрэг гүйцэтгэх цагдан сэргийлэх байгууллагын дүрэм байсан тул утга агуулга цар хүрээний хувьд шинэ тутам байгуулагдсан Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийн үйл хэрэгт тохиромж муутай байсан тул нэн даруй өөрчлөн найруулах шаардлага урган гарч БНМАУ-ын Засгийн газрын 1927 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар хурлаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэхийн дүрмийг шинэчлэн боловсруулах комиссыг томилон ажиллуулсан байна.

Комиссын бүрэлдэхүүнд Дотоод явдлын яамны сайд Санжаажамц, Шүүх явдлын яамны эрхэлсэн түшмэл Цогтцэмбэл, Сангийн явдлын яамны эрхэлсэн түшмэл Дашням, Дарьзав нар томилогдож 10 бүлэг 56 зүйлтэй дүрмийг боловсруулан 1928 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдэд явуулан батлуулжээ.

Тус дүрмийн Нэгдүгээр зүйлд “Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газар болвоос тус хотын доторхи цагдан сэргийлэх явдлыг гүйцэтгэх үүрэг бүхий тусгай газар болмой” хэмээн заагдсанаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтэс нь “Газар” болон өргөжин зохион байгуулагдах эх үндсээ тавьсан юм.

ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ