“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Байнгын хороон дарга Ш.Раднаасэд Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан юм.
Үүний дараа гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болон Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Гишүүдэд тогтоолын төсөл тараасан юм байна. Надад бол ирээгүй байна. Үүнийг эхлээд үзэх хэрэгтэй байна. Ер нь тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалд хэнийг буруутгаж байна гэдгээ тодорхой зарламаар байна.Гол буруутан нь хувийн хэвшил юм уу, төр юм уу. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд эргүүлэн авахдаа ямар хэлбэрээр авах юм?” гэсэн асуултад Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд “Төрийн өмчлөгч компанийн өмчлөгч ньтөр. Гэтэл өмчлөгчөөс асуухгүйгээр зарж, хууль зөрчсөн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан “Монгол зэс” корпораци болон Худалдаа Хөгжлийн Банканд төрийн байгууллагуудаас байршуулсан мөнгөнүүд байна. Үүн дээр засгийн газар хэлцэл хийх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ав л гэж байгаа юм” хэмээн хариулсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ажлын хэсгийн дүгнэлт дөрвөн чиглэлээр гарсан. Үүн дээр хууль зөрчсөн асуудлууд тодорхой туссан байгаа. Худалдан авах ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал оролцсон, ХХБ банкны тухай хуулиа зөрчсөн зэрэг өчнөөн асуудал байна” гэсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд “Тогтоолын төсөл дотор Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж дурджээ. Олон Улсын гэрээний хуулийн дагуу Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцдэг. Ийм процесс явагдаагүй учир “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын асуудалд засгийн газар хууль тогтоомжиндоо нийцүүлээд явсан. Холбогдох хууль тогтоомж зөрчиж буй эсэх талаар гадны томоохон хуулийн байгууллага, ОХУ-ын талаас давхар хянасан” гэв.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдагдсан өөр өөр өмчлөлтэй, өөр өөр төрлийн үйл ажиллагаатай, тус бүрийн өглөг, авлага, зориулалт бүхий санхүүгийн харилцааг багцлаад суутган тооцох талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дурдсан байгааг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон дурдав. “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгөөс Монгол Улсын арилжааны бүхий л банкинд их хэмжээний мөнгийг Засгийн газраас байршуулсан. Мөн Монголбанк олон төсөл, хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудад мөнгө олгон, байршуулсан байдаг. Худалдаа хөгжлийн банк дотоодын хамгийн том активтай арилжааны банкны хувиар дээрх эх үүсвэрүүдээс санхүүжилт авч, тухайн үед харилцагчдадаа дамжуулан олгож байсан. Харин өнөөдөр яригдаж буй худалдан авалтад ашигласан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдагдсан аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлүүдэд Засгийн газрын эх үүсвэрээс олгосон санхүүжилтээс тухайлан зээл өгсөн, ашиглуулсан зүйл байхгүй хэмээлээ. Мөн тэрээр Худалдаа хөгжлийн банкны нийт актив 6 гаруй их наяд төгрөг бөгөөд өнөөдрийн байдлаар тус банк Засгийн газрын 1.1 их наяд төгрөгийн бонд эзэмшиж байгаа нь 2020 он хүртэлх хугацаатай. Мөн Монголбанкнаас нийтдээ 615 сая ам.долларын своп хэлцэлийн авлагатай. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт активын 30-аад хувь нь Засгийн газар, Монголбанкинд байршиж байгаа нь 49 хувийн энгийн хувьцааны худалдан авалттай холбоотойгоор олгосон гэх зээлүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр дүн хэмээн тайлбарласан юм.
Ийнхүү тус Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчид авахыг дэмжлээ.
Эрдэнэт үйлдвэрийг төрд авах тухай тогтоолын төсөл:
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ