Монгол гэдэг брэндийг бид л таниулж чадна

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал хаашаа чиглэж байна вэ? Аялал жуулчлалын тулгамдсан асуудлуудын талаар “Хуралдай Тур”компанийн захирал Б.Баярсайхантай ярилцлаа.
-Сайн байна уу? Аялал жуулчлалын улирал эхлэх дөхсөн байна. Удахгүй компаниудын үйл ажиллагаа нь ч эхэлнэ.Та Аялал жуулчлалын салбарын хөгжил, өнөөгийн байдлыг хэрхэн харж байна?
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монголын аялал жуулчлал хөгжсөн үү гэвэл үгүй. Харин тэлсэн гэвэл үнэнд ойрхон байна. Тэлсэн гэдэг нь жуулчны бааз, зочид буудлын тоо өссөн гэж хэлж байгаа юм. Харин зарим музей үзвэрийн газар, байгалын тогтоц бүхий үзэсгэлэнт газар устаж үгүй болж байна гэж хэлж болохоор байна. Бид зуныг жуулчны улирал гэж ойлгосоор өдийг хүрсэн. Бусад улиралд гадаадын жуулчин ирэх бололцоог хангаж чадахгүй байна. Тэгэхээр бидэнд хөгжил алга.
-Тулгамдаж байгаа олон л асуудал байгаа байх. Аялал жуулчлал хөгжихгүй байгаагийн шалтгаан нөхцөл нь юундаа байна вэ?
Үүний нэг шалтгаан ньолон асуудалд байна. Жишээ хэлэхэдорон нутгийн музей үзвэрийн газрууд тоосонд дарагдаж элэгдэл гэдэг зүйлд дээд зэргээр өртөж байна. Үзвэрүүд нь бага багаар алга болж актлагдаж байна. Сэргээн засах, хадгалах нөхцөл нь алдагдаж байгаа харагддаг. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд сүйдэж байна. Уг нь энэ салбараас орж ирдэг орлого чинь гаднаас ямар нэг биет бүтээгдэхүүн зарж олдог орлого биш. Гэтэл бид чинь хөгжлийг авч үзэхдээ газар доорхи баялагаа зарахыг илүүд үзэж байна. Биет бүтээгдэхүүн бол дуусна, шавхагдана, харин энэ салбарыг зөв аваад явах юм бол баялаг бүтээгдэхээс биш хэзээ ч дуусах зүйл биш шүү дээ.
-Өнөөдөр аялал жуулчлалын чиглэлээр маш олон боловсон хүчинг бэлтгэн гаргаж байна. Гэвч тогтвортой ажлын байрны асуудал хөндөгдөж байна?
Аялал жуулчлалын чиглэлээр ирээдүйгээ төсөөлөн боловсрол эзэмшиж байгаа залуус сургуулиа төгсөөд тухайн салбарт ажил эрэлхийлж ордог боловч нөгөө л улирлын үйл ажиллагаанаас хамаарч сул зогсдог. Хүний л амьдрал юм хойно зогсоно гэж юу байхав өөр чиглэлээр ажил хайж эхэлдэг. Ийм байхаар жил бүр үйлчилгээний ажилд шинэ ажилчид ажиллахаар яаж салбарын хувьд туршлагатай үйл ажиллагаа явуулах билээ дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туршлага байж хөгжил ирнэ. Ганц энэ салбарт гэхгүй бусад салбарт ч энэ жишгээр ажилгүйдэл багагүй хувийг эзэлдэг гэж боддог. Миний бодлоор энэ чиглэлийн яамдууд нь тухайн мэргэжилд квот тогтоох, мэргэжилтэй ажилчдын судалгааг гаргаж салбар дээр нь анхаарч хамтын уялдаатай бодлоготой байх ёстой байх.
- Жуулчны компаниудыг чанаргүй байна гэх шүүмжлэл байнга дагуулдаг. Мөн өртөг өндөртэй.Энэ салбарын тогоонд байгаа хүний хувьд таниас үүнийг асуухгүй өнгөрч болохгүй санагдлаа
Монголд аялахад өртөг өндөр тухай яригддаг. Үүнийг онгоцны зардал дээр ихэвчлэн онцолдог. Нэмэгдэх өртөгүүд их бий. Нэг компанид багадаа таван үндсэн ажилчин байдаг. Байгууллага өөрийн гэсэн байртай, ажилчидтай, машинтай гэх зэргээр үйл ажиллагаа хэвийн явуулах зайлшгүй хэрэгцээ гэж байна. Үйл ажиллагаа зогслоо гээд үндсэн ажилчдаа халаад, түрээсийн байраа түрээслэхээ болино гэж байхгүй. Гэтэл сул зогсолтын үед эдгээрийг заавал байлгаж байж тэд өөрийн гэсэн байр суурьтай байх ёстой болно. Энэ зардал чинь жуулчны үнэд шингэнэ биздээ. Баазын хувьд ч ялгаагүй, үйл ажиллагаа явж байхаас үйл ажиллагаа яваагүй үеийн элэгдэл их гардаг. Энэ бүхнийг бид дөрвөнулирлын турш үйл ажиллагаа явуулж байж өртөгийг багасгаж, туршлагыг бий болгоно шүү дээ.
-Дөрвөн улиралд жуулчин хүлээн авах боломж бий гэж та үзэж байна яагаад?
Монгол хүйтэн, өвөл үйлчилгээ үзүүлэх жуулчны бааз байхгүй гэх мэтийн олон шалтгаан ярьдаг. Гэтэл хүйтэн үү гэвэл хүн амьдарч л байна. Өвөл болдог газар аялал жуулчлалыг хөгжүүлсэн улс олон бий. Дэлхийн олон улс оронд өвөл амарч аялал хийдэг. Тэр хүмүүс Монгол руу аялая гэхээр бид ингээд хаалттай байхаар энэ яаж хөгжил байх билээ дээ. Жуулчид монгол улсыг зорьж ирэхдээ тэдний соёл гэж юу байдгийг сонирхдог нь ойлгомжтой. Дэлхийн хөгжлийг Монголоос харахгүй байх гэж бодож байна. Өмнө жил "ITB" гээд яамнаас Германд зохион байгуулж байсан үйл ажиллагааг санаж байна. Түүнд зарцуулсан өртөг тэрбумаар яригддаг. Үр дүн байсан уу? Тоо энэ онд л харагдах байх. Харин тэр жилдээ сая жуулчин авна гэж зарлаж байсан. Гуравдугаа сард үзэсгэлэнд оролцоод 5, 6, 7, 8 сард үр дүн нь гарна гэж хаана ч байхгүй. Европчуудыг хараад байхад Монгол руу аялахаар бол Монголыг судлана, зардалыг нь тооцно. Харин дараа нь тэр зардлыг цуглуулж байж аялдаг улс. Тэгэхээр бараг жилийн өмнөөс л тооцдог. Бид бодлого тооцоогоо ингэж л харах ёстой санагддаг.
-Аяллын улирал эхэллээ. Жуулчдыг татахын тулд яг юун дээрээ анхаарах түлхүү анхаарах ёстой вэ? Урьд нь байгаагүй аяллын цоо шинэ хөтөлбөр гаргаж жуулчдын сонирхлыг татах тал дээр хойрго байх шиг санагддаг. Нөгөө л нэг хэв загвартаа баригдаад байх шиг ?
Шинэ санаануудыг хэрэгжүүлэх асуудал мэдээж байнаОрон нутаг руу явж байхад зам зуураа сонирхолтой байлгахын тулд монгол тоглоом тоглуулж болно. Магадгүй буцахад нь бэлэглэж болно.Хөдөө орон нутагт очоод тараг бүрж байгааг, мөн ямаа сааж байгааг харуулж болно шүү дээ. Тэдэнд сонирхолтой санагдана шүү дээ. Илүү баяжуулах боломж байна.
-Аялал жуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур баазуудад ямар хяналт тавьдаг вэ? Олон улсад мөрдөгддөг стандарт гэж ер нь байгаа юу? Ядаж хөдөө орон нутгаар аялахад жуулчдад тулгамддаг асуудлын нэг "бие засах газрын асуудал" шүү дээ?
Хуулинд тусгасан хэдэн стандарт бол бий. Зочид буудлын хувьд одтой байх, жуулчны баазын хувьд уг нь цэцэг гэж зүйл байдаг. Чанар стандартын хувьд ийм байна. Гол зүйл үйлчилгээний соёлын асуудал юм.Үйлчилгээний соёлоо сайжруулах хэрэгтэй .Бие засах газрын асуудлыг төр засаг шийдээд өгөх боломж уг нь байгаа байх.Байнгын цэвэрхэн зөв ажиллагаатай байхыг орон нутагтайгаа хамтраад хийж болно.
-Монгол өөрөө аялал жуулчлалын брэнд болж чадна гэж та бодож байн уу? Бид энэ давуу талаа ашиглажсалбарыг хөгжүүлэх боломжийг та хэрхэн харж байна?
Бидэнд улирал бүр өөр өөрийн онцлог бүхий нүүдэлчин амьдрал байгаа. Тэр ахуй соёл бол үзэж амжихгүй олон үзүүлбэр аялалын хөтөлбөр, бүтээгдэхүүн юм. Тухайлбал гар аргаар бүтээсэн тарагийг хэзээ ямар улиралд, юугаар яаж хийдэг, Дэлхийд чанараараа тэргүүлдэг Монгол ноолуурыг хэзээ ямар улиралд хэрхэн яаж авдаг гэх мэт. Жулиа Робертс гэхэд л Монголд аяласнаа Опрагийн шоун дээр ярьдаг даа. Монгол гэрт тэд олуулаа амьдардаг гээд. Зөвхөн энэ үгээр л Монгол гэрийг үзэх гэж, тэднийг хэрхэн амьдардгийг харах гэж жуулчид ирж байсан гээд боддоо. Хөвсгөлд Америк гэр бүл саа өвчин туссан хүүхдээ дагуулж явахдаа санаандгүй бөө дээр очоод хүүхдээ эдгээсэн түүх байдаг. Тэр үйл явдлаараа кино нь хүртэл гарсан. Үүнийг үзээд Монгол бөөг харах гэж ирдэг явдал хүртэл байна. Энэ бүхэн чинь өвөл ч байх боломжтой монголын брэнд шүү дээ.
-Гадаадын улс орнууд аялал жуулчлалаараа асар их хэмжээний мөнгө олдог.Тэдний ямар туршлага бидэнд хэрэгтэй байна вэ? Одоо аяллын улирал эхэлж байна. Тэдний татах боломж юу байна?
Манай аялал жуулчлалын компаниуд өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ явж байна. Одоог хүртэл жуулчдын тоог тогтвортой байлгаж чадаж байна. Төрийн оролцоо хамтын ажиллагаа чухал байна.Бид "монгол брэнд"-ийг бий болгож аяллын хөтөлбөр чиглэлээ цоо шинэ болгож өөр уур амьсгал оруулах хэрэгтэй , тэгэх ч зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ талаа барьвал бидэнд ашигтай.
ЯрилцсанР.Оюунболор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ