Монгол улс банктай юу ломбардтай юу?

Иргэд банкинд хандаж зээл авдаг. Гэхдээ өглөө босоод аль хөлдөө эхэлж тавчикаа өмсдөгөөс авахуулаад ах дүү, нууц амраг, нууц дүү бий эсэх, есөн үедээ ял эдэлж байсан хүн байсан, байгаагүй хийгээд банкны зүгээс тавьж буй бүх шаардлагыг нэгд нэгэнгүй хүлээн зөвшөөрөх тулгалтад ордог. Заримдаа манжийн үеийн есөн эрүү шүүлт ч үүний дэргэд өчүүхэн мэт санагдах үе бий.

Хэрэглэгч хаан гэдэг зарчим энд шалан дээр хөглөрч байх нь энүүхэнд. Зээлдэгч та банкны зүгээс гаргаж өгсөн гэрээг унших ч эрхгүй. Зөвхөн гарын үсэг зурах эрхтэй. Хэрэв унших, засвар оруулах, санаа оноогоо хэлэх аваас эргээд гарч болно гэсэн тулгалтай. Зээлийн ажилтан таны хувьд гэрээ хийх үүрэгтэй ажилтан. Таны санаа, боломж, зээлээ хэрхэн эргэх төлөх тухай харилцан яриа энд хаалттай. Банк мөнгөтэй учираас хөгжимөө захиалах, зээлдэгч та тэр хөгжмийг тоглох үүрэгтэй. Түүнээс гадна зээл авахын тулд таны төлөх мөнгө, бүрдүүлэх материал, хангах шаардлага бүдүүлгээр таны эрхэнд халдсан байх нь ёс зүй гэдгийн хэм хэмжээнээс хэдийнэ давсан гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг суудаг.

Боол байхын тулд боол гэдгээ мэдэр гэсэн зарчим энд бүрэн утгаар хэрэгждэг. “Банк бол итгэлцлийн байгууллага. Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж ажиллах ёстой.” Гэсэн уриаг та арилжааны аль ч банкинаас олж харахгүй. Уг нь банкны ёс зүйн хамгийн анхны зарчим бол энэ байх ёстой.Хүн уншихаас залхмаар маш олон хуудастай, дээрээс нь маш жижиг шрифтээр бичсэн гэрээ таны өмнө байна. Үүнд “Талуудын эрх үүрэг буюу банк дараах эрх үүрэг эдэлнэ” гэх хэсэгт банкны эрх үүрэг нь 8, барьцаалуулагч зээлдэгчийн эрх үүрэг гуравхан байх.

Банк манай гэрээ гэж танилцуулахад “За, тийм байна уншлаа. Харин одоо миний эрх” гэхээр зайл гэдэг. Дээр нь банкны бичиг баримт бүрдүүлэхэд маш их зардал гарна.Мөн цаасаа хэвлэж өгөхийн тулд дахиад баахан шимтгэл авна. Тэр хүн өчнөөнтөгрөг төлчихөөд зээлээ авахгүй гэхээр хэцүү. Банкуудын дийлэнх гэрээ үл маргах, захиран зарцуулах журмаар өмчлөлд шилжүүлж авна гэдэг заалттай байдаг Банк ба ломбард Банкинд хандаж зээл хүссэн нь дээр үү, ломбарданд хандсан нь дээр үү гэвэл иргэд ломбард гэдэг хариултыг өгөх нь түгээмэл.

Банкинаас шаардлага багатай, харилцан тохиролцох зарчим, зээлийн ажилтантай харилцах харилцаа нь амьд гэдэг үүднээс ломбард банкинаас илүү. Түүнээс гадна бүрдүүлэх бичиг баримт, судлах хугацаа, зээл өгөх зарчим нь энгийн. Хүнд суртал багатай. Зээлдэгчээс шалтгаалах зүйл их биш. Хамгийн гол ялгаа нь банкыг бодоход хүү өндөр учраас эрсдэлтэйд тооцогддог. Банк, ломбард хоёрын ялгаа гэвэл ердөө л энэ.

Ингээд бодохоор манай улс банкгүй ломбардтай улс болж харагдаад байдаг. Иргэд банкинд хандсан ч ломбарданд хандсан ч хүүгийн зөрүүгээс бусад нь ялгаа байхгүй. Харин ч ломбардаа бодоход банк нь илүү дээрэмчин чанартай. Та 5 жилийн хугацаатай зээл авсан бол эхний жилүүдэд зөвхөн хүүг төлнө. Үндсэн зээлээс хасагдаж хүү төлнөгэсэн ойлголт Монголын аль ч банкинд байдаггүй. Манай улс ингэхэд банктай бил үү ломбардтай бил үү гэж зарим иргэд гайхсаар л байдаг нь нууц биш.

Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ