Хартайгаас аваад зожиг улс төрч хүртэл

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдэгт иргэд удахгүй дүн тавина. Харин энэхүү сонирхолтой мэдээлэл нь ерөнхийлөгчийн сонгуультай огт хамааралгүй бөгөөдулстөрчидийн ангилалын тухай танин мэдэхүйн мэдээлэл юм.



Паранойд буюу хартай улс төрч.

Энэхүү ангилалыг “эзэн” гэсэн ойлголтоор төлөөлүүлж болно. Энэ төрөлд хамаарах улстөрч нь хардамтгай, бусдад үл итгэдэг, нууц аюул эрсдэлд мэдрэмтгий, бусдыг захирах, хянах байнгын хүсэл шуналтай. Зан байдал, үйлдлийг нь урьдчилан таах аргагүй. Хардамтгай улс төрч бусдыг хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн онол, итгэл үнэмшил, байр сууринд үл нийцэх мэдээлэлд огтоос итгэдэггүй.

Эргэн тойрны хүмүүсээ дайсан ба нөхөр гэсэн хоёр бүлэгт хувааж, бодит байдлыг хар ба цагаан гэх хоёр өнцгөөс үнэлэдэг. Хувийн эрх ашгийн үүднээсбусдыг өөр хооронд нь зөрчилдүүлэх, захирагдагсдаа байнга мэхлэн, нууцаар нөлөөлөх байдлаар эрх мэдлээ баталгаажуулахыг эрмэлздэг.

Хартай, үзэн ядах үзэл, өшөө хорсол бүхий ийм улс төрч нэгийгээ матах, “дайсныг” илчлэх, бүх нийтийн айдас дээр тулгуурлан засаглаж, улмаар тоталитар дэглэмийг тогтооход хүргэх нь нийтлэг.

Өөрийгөө сурталчлагч улс төрч. Энэ төрлийн улстөрчийг “жүжигчин” гэж нэрлэх нь бий. Тэд зөвхөн өөрийгөө илэрхийлэх дур сонирхолтой, бусдын анхаарлыг татах, таалагдах хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Зан байдал, улс төрийн үйл ажиллагаа нь тойрон хүрээлэгчид хийгээд олон түмэн түүнийг хэр хайрлаж, “таалж” байгаагаас шууд хамаарч байдаг. Энэ төрлийн улстөрчид өөрт нь хандсан шүүмжлэлтэй тэрсэлдэн, улмаар өөрийгөө эзэмдэх байдлаа алдахад хүрэх нь бий. Энэ тохиолдолд улс төрийн зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа түр орхиод олон түмний итгэл, сайшаалыг олохын тулд бүхий л анхаарлаа хандуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн чухал эрх ашиг төдийгүй өөрийн улс төрийн итгэл үнэмшлийг золиосонд гаргахад бэлэн болдог гэсэн үг.

Компульсив буюу албадагч улс төрч. Энэ төрөлд хамаарагсад янз бүрийн дүрийн хоршил учраас “Онц сурлагатан” гэж нэрлэх нь бий. Тэд бололцоо нөхцлөөс үл хамааран бүхий л зүйлийг хамгийн сайнаар хийхийг албадах хүсэл сонирхолтой. Албадагч улс төрчийн зан байдал нь уян хатан, зальжин байдлыг ор тас үгүйсгэж, шахаж тулгасан байдлаар тодорхойлогдоно. Тэд ямагт ямар нэг зүйлд санаа зовомтгой, нягт нямбай, асуудлыг шийдэхдээ дүрэм зааврын дагуу хатуу чанд хийхийг эрмэлздэг. Бүр засаглалын түвшинд үүссэн зөрчилдөөний шалтгааныг дүрэм зааварчилгааны дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх нь цөөнгүй.

Онц сурлагатнууд яаралтай шийдвэр гаргах, стандарт бус арга ашиглах зэрэг гэнэтийн нөхцөлд байдалд тэвдэж эхэлдэг. Түүний хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөт явцаас жаахан хазайхад л эргэлзэж, бухимдана. Түүнийг паникт оруулбал алдаа хийх нь өсдөг байна.

Гутранги улс төрч. Ийм маягийн улс төрч нь улс төрийн тавцанд тэргүүлэх үүрэг роль эзлэх чадваргүй, иймээс тэрээр хэн бодиттой хийж чадах тэр нөхдүүдтэй нэгдэхийг оролдож байдаг. Тэд хэн нэгэн хүн, улс төрийн хөдөлгөөнийг шүтэн дээдэлдэг, өөрийн гэсэн нарийн тодорхой улс төрийн чиг сургууль, бий болсон асуудлыг шийдвэрлэх тогтвортой хандлага гэж байхгүй, өөрөө үйл явдлын ард хоцрохыг чухалд авч үздэг. Асуудалд гутранги байр сууринаас хандаж, өөрийн сул тал, улс төрийн хүсэл зориггүй байдлаа ил тод харуулах нь цөөнгүй.

Шизоид буюу зожиг улс төрч. Тэд гутранги улс төрчидтэй нилээн төстэй. Тэрээр ганцаардмал лидер хэмээх дүр бүтээж байдаг. Тодорхой үйл явдалд биечлэн оролцохоос зайлсхийж, өөрийгөө тусгаарлан холдуулж байдаг нь түүний гол зан. “Зожиг” ямар нэг нийгмийн хөдөлгөөнүүдтэй нэгдэн нийлэх хүсэлгүй, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандахыг эрмэлздэг. Ямар нэг зүйлийн төлөө улс төрийн хариуцлага хүлээх чадваргүй. Чухамдаа тэр лидерийн байр сууринд очихын тулд хөндлөнгийн ажиглагч байж болохгүй гэдгийг мэддэг тул өөрийн гэсэн нам хүчин байгуулж эрх мэдлийн төлөө тэмцэх нь түүний шилдэг арга замд тооцогддог. Тэд асуудалд тэс өөр байр суурьтай лидер гэдгээ харуулахын тулд “шүүмжлэгч” хэмээх дүр бүтээх нь олонтаа.

Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ