Даншиг наадам Өндөр гэгээн Занабазарыг хутагтаар өргөмжилсөн баяраас үүдэлтэй

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн, Өндөр гэгээн Занабазар (1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм.

Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн олон цугларч, Түшээт хан Гомдордоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж, их баяр наадам үйлджээ. Энэ наадам бол Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон анх үүссэн түүхтэй юм.

Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол аж.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ.

Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байжээ. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр Монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн байна.

Даншиг гэдэг нь Монголоор “Бат-Оршил” гэсэн утгатай. Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж, наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам Халхчуудын журамлан явах хууль болов” гэжээ.

Энэ нь Монголчууд хэдийгээр тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд орсон ч даншиг наадам нь Монголчуудын уламжлалт төр ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байжээ.

Эх сурвалж: Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ