Цэцэрлэггүй багачууд ба " Аз сорьсон ажиллагаа"

Шинэхэн хувцсаар гоёод нүүрэндээ инээмсэглэл, нүдэндээ аз жаргалыг гэрэлтүүлсээр ээж аавдаа хөтлүүлэн эрдмийн өргөөндөө ирдэг бяцхан үрс минь энэ л өдөр хамгаас жаргалтай харагддаг.. Гэтэл цэцэрлэггүй багачууд нь гунигтайхан гэртээ үлддэг.

Энэ онд нийт 10 сургууль, 13 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулах юм.

Нийслэлд нийт 152 хороо байгаагаас 33 нь буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байна. Энэ нь голдуу нийслэлийн захын хороолол, дүүрэгт тохиолддог ба цэцэрлэгийн тоо хомс байдагтай холбоотой. Нэг ангид 20 хүүхэдтэй харилцах ёстой багш 40 хүүхэдтэй харьцах хэрэг болдог. Иймд багш бүр хүүхэдтэй тулж харьцаж чадахгүй гэсэн үг. Сургуулийн өмнөх боловсрол бол хүүхдийн суурь хүмүүжилд маш их нөлөөлдөг.

Энэ жилээс сургууийн өмнөх насны буюу таван настай хүүхдийг түлхүү авах бодлогыг Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж буй. Бүтгэлийн хувьд цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт наймдугаар сарын 25-нд болох юм. Энэхүү санамсаргүй түүврийн арга нь цэвэр "Аз шовойсон" ажиллагаа болдог аж. Эцэг эхчүүдийн хэлж байгаагаар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн хэдий ч "Аз шовойх" эсэх нь тодорхой бус. Санамсаргүй түүврийн аргаар элсэж чадахгүй бол хаачих нь ч тодорхой бус.

Эцэг эхчүүдийн төлөөлөлболох Ц.Энэрэл “Би өмнө жил хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж бас л ингээд хонон өнжин дугаарлаж зогсдог байсан. Бараг л майхан бариад хонох нь холгүй байдаг. Дугаараас болоод заримдаа бүр зодоон болох шахдаг. Тэглээ гээд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхгүй байх аргагүй. Жил бүр л дайн болох шахаж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, зарим нь бүртгүүлж чадалгүй хэндээ харуулнаа, яана даа гэсэн эцэг эхчүүд олон байдаг” гэлээ.

Улсаас жил бүр хэдэн тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулж байхаар эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүддээ хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гаргаасай. Угтаа өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн хүүхэд харах үйлчилгээ маш зөв бодлого байсан. Цэцэрлэгийг нь хүрэлцээтэй хэмжээнд барьж өгч чадахгүй байгаагаас хойш хүүхэд харах үйлчилгээг далайцтайгаар дэмжих нь зүйтэй юм.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байгаагийн 78 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой гэх тооцоо бий. Тэгвэл 20 орчим мянган хүүхэд гэртээ цоожлогдох, ах дүү хамаатан садныхаар өнжихөөр болж байна. Харин Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр хүүхдүүдийн 60-70 хувийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ