Эрэн сурвалжлах сэтгүүлчид хүний эрхийн мэдрэмжтэй хандах нь чухал

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэхэд хувьнэмрээ оруулах зорилготой Олон улсын бага хурлыг есдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон Монгол ТВ хамтран зохион байгууллаа.

Уг хуралд Монголын сэтгүүлчид болон INSEAD нийгмийн инновацийн төв, GIJN буюу Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ, Японы “Waseda Chronicle”, Өмнөд Солонгосын “Newstapa”, Индонезийн “Open Data Lab”зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа газар сэтгүүлчид хамгийн түрүүнд хүрч ажиллахыг эрмэлздэг. Тэгвэл сэтгүүлч хүний эрхийг эрэн сурвалжилж байхдаа хэрхэн өөрөө хүний эрхийг зөрчихгүй байх вэ, хэрхэн мэдрэмжтэй хандах вэ зэрэг асуудлуудыг энэ үеэр хэлэлцсэн юм.

Монголд болсон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлын үеэр хэлэлцсэн “Хүний эрхийн асуудлыг эрэн сурвалжлах нь”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба мөрдөн байцаах үйл ажиллагааны ялгаа” зэрэг сэдвүүд сонирхол татаж байлаа.

Сэтгүүлч У.Болортуяа “Хүний эрхийн тухай сурвалжлага бэлтгэнэ гэдэг бол тухайн хүний хувийн амьдралыг дэлгэх, нууц нь олон нийтийн асуудал болдог учраас нягт нямбай хандах шаардлагатай байдаг. Тухайлбал сүүлийн жишээн дээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг бэлтгэхдээ хохирогчийн ээжтэй уулзаж ярилцлага авч байсан. Тэр үеэр тухайн эмэгтэйн нууцлахыг хүссэн бүхнийг цаасан дээр бичиж харилцан тохиролцсон. Тэгэхгүй бол тухайн эмэгтэй сэтгэл хөдлөлөөрөө ярьж байхдаа ил болгохыг хүсээгүй зүйлсээ хэлэх эрсдэлтэй. Ёс зүй гэдэг бол хүн чанартай, хүнлэг байх явдал юм. Миний хувьд тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзэж, зовлон бэрхшээл, асуудлуудыг нь мэдэрдэг” гэв.

Нэгэнт хүний эрх зөрчигдсөн талаар мэдээлэл гарсны дараа хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал чухал байдаг. Энэ эрхийг хамгаалахын төлөө зүтгэх нь ч сэтгүүлч хүний заавал хийх ёстой зүйл юм. Сэтгүүлчид өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг хичээвч төрийн байгууллагуудын удирдлагууд, хууль хүчнийхэнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэг дутдаг тухай энэ хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.

Тухайлбал МҮОНРадиогийн эрэн сурвалжлах багийн сэтгүүлч Г.Батзаяа “13 настай охин хойд эцгээсээ жирэмсэлсэн хэргийн тухай сурвалжлахдаа аймаг, сумынх нь нэр, гэрийн хаяг, охины мэдээллийг нууцлах ёстой гэсэн хатуу зарчим өөртөө тавьсан.

Харамсалтай нь аймаг, сумынх нь удирдлагууд орон нутаг нь хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийн талаар санаа зовохоосоо илүү нутаг усны нэр хүндийг унагахгүй байх хэрэгтэй гэж үзэж байсан нь сэтгүүлч миний хувьд эмзэглэл төрүүлж байлаа” гэлээ. Мөн хууль хүчний байгууллагынхан хэргийг мөрдөх явцдаа “хүчиндүүлдэг”, “нөхөртөө зодуулдаг” гэх мэт цоллох явдал түгээмэл байдаг.

Хүний эрхийн талаар сурвалжилна гэдэг нэг хүний эрхийн талаар боловч тогтолцооны суурь гажуудлыг илчилдэг давуу талтай гэдэгт хуралдаанд оролцогчид санал нэгтэй илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ